Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ

2017/03/27
Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Г. Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлига авсан байж болзошгүй хэмээн шалгуулахаар хууль хяналтынханд хандсан. Тэрбээр  "Рио тинто" компаниас байр, эхнэрийнхээ сангаар дамжуулж их хэмжээний мөнгөн авлига авсан байж болзошгүй, мөн Солонгос дахь Мүүний шашинтнуудаас их хэмжээний мөнгө авч, сонгуулийн зардлаа босгосон байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн юм.

Харин нийслэлийн прокурор УИХ-ын гишүүн асан Г.Уянгын хүсэлтэд хариу өгч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл алга хэмээн түүнд хэрэг үүсгэхээс татгалзсан  байна.

Тогтоолоос харахад Хаан брой ХХК-ийн захирал С.Отгонбаатар тус төвийн барилгаа 2001 онд барьж ашиглалтад оруулжээ. Ингэхдээ дээд талын гурван давхар байрыг орон сууцны зориулалттай барьж бусдад зарсан байна. Одоогоос 17 жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын ажлаа өгсөнийхөө дараа тус байрны 7 тоот өрөөг гээр хийж авч байжээ. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нь бусдад түрээслүүлэх маягаар барагдуулсан. Ам метрийг нь 600 ам доллараар худалдаж байсан талаар С.Отгонбаатар мэдүүлсэн байна. Үүнээс хойш “Болд” компанийн захирал Х.Болдбаатар буюу Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү нь бусдад түрээслэжээ. 2013 оны 10 дугаар сараас Турк улсын иргэнд хөлслүүлж байгаа аж. Үүнээс өмнө Оюу толгой компанид 2 жилийн өмнө хугацаатай хөлслүүлж байсан тухай дурдсан  байна. 
 
Б.Сондор 







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна