Авто ослын улмаас долоон хүний амь нас хохирч, 183 хүн гэмтжээ

2017/03/27
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албад мэдээлэл өгөв.

Нийслэлийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 мянга 375 мэдээ, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 3079 нэгж буюу 14.4 хувиар буурсан үзүүлэлт байна. 3203 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүтгэгдсэн нь 259 нэгж буюу 8.8 хувиар өсчээ. Залилах болон хулгайлах төрлийн гэмт хэрэг буурсан бол дээрэм, бусдын биед гэмтэл учруулах, золгүй байдлаар амь насаа алдах, булаах, танхайрах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

21 хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2893 хүнийг  эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан  199  хүнийг баривчлуулан, архины албадан эмчилгээнд 3 хүнийг явуулж, захиргааны зөрчил гаргасан 6877 иргэн, 10 аж ахуйн нэгжийг 46 сая 372 мянган төгрөгөөр торгох  арга хэмжээ авсан байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өсчээ.

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс  03 дугаар сарын 23-ны өдрүүдэд 4529 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 148, зөрчлийн шинжтэй 1800 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1948 ослыг материалжуулан шалгаж байна.

Зам тээврийн хэргийн улмаас 7 хүний амь нас хохирч, 183 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 211 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 148 бүртгэгдсэн нь 29,9 хувийн бууралттай байна. 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1276 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 1068 бүртгэгдсэн нь 16,3 хувиар, мөн өнгөрсөн онд 250 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 110 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь 56,0 хувиар тус тус буурсан үзүүлэлт гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 136 дуудлага бүртгэгджээ. Обьектын гал түймэр 121 удаа гарсан байна. Энэ хугацаанд гарсан томоохон гал түймрийн хувьд 3 дугаар сарын 12-ны өдөр СБД-ийн 5 дугаар хороонд байрлах Саруул худалдааны төвийн 24х60 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичин барилгын 2 дугаар давхар, дээврийн хэсэгт гал түймэр гарч, шуурхай ажиллаж унтраасны дүнд уг обьектын 1 давхрын 11 павьлионы 62 лангуу, 2 дугаар давхрын 13 павьлионы хамт  гал түймэрт өртүүлэлгүй авран хамгаалжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд 1053 обьектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Илэрсэн зөрчилд 463 арга хэмжээ авч 46.4 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. 21 хоногийн байдлаар НМХГ-ын хэмжээнд нийт 1050 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан суваг, хөрсний болон хурын ус зайлуулах шугам сүлжээ, барилга байгууламжийн ашиглалт, булаг, шандын ус хальсан байдалд 2017 оны 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна