Автобусаар зорчих картаа хаанаас авах вэ?

2017/03/28
Ирэх сарын 01-ээс эхлэн нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэд зөвхөн картаар үйлчлүүлдэг болно. Энэ хүрээнд карт борлуулах цэгийн тоог 31-ээр нэмж  480  цэгээр карт худалдаалж байна. Дээрх цэгүүд нь  06.00 цагаас оройны 19.00 цагийн хооронд ажиллах бөгөөд  карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал  авах аж.
Иргэдийн  идэвхийг дэмжих үүднээс  3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож  хямдруулжээ. Үүнээс гадна 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах боломжийг ч мөн олгож байгаа аж.

Энэхүү шинэ картыг "Хаан" банкны салбаруудад захиалан авах боломжтой аж. Мөн "Хаан" банкны карттай иргэд дансаа смарт карттайгаа холбосноор өөрийн дансаар төлбөрөө төлөх боломж бүрдэх гэнэ. Бас нэг өөрчлөлт нь иргэд нийтийн тээвэрт гар утасныхаа "Сим" картыг уншуулж зорчихтой болжээ. Ингэхдээ гар утасныхаа "Сим" картыг "NFC" сим картаар сольж,зорчих төлбөрөө хийх боломжтой юм байна. Уг картыг "Юнител" -ийн үйлчилгээний салбарт борлуулж байна.

 Энгийн смарт картыг иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн Хэрэглэгчийн төв, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав” салбараас  худалдан авах боломжтой. Уг нь анх нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлэхдээ хотын экс удирдлагууд картаар үйлчлүүлэгч иргэдийн тоо 90 хувьд хүрвэл бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар төлөвлөж байжээ. Гэвч иргэдийн тоо энэ хувьд хүрээгүй бөгөөд нийтийн тээврийн орлого 30-40 хувиар буурсан тул дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүйд хүрсэн гэнэ. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна