Далан сэтэрч их хэмжээний ус тэлжээ

2017/03/28
Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газарт газар хагарч хэмжээний ус тэлж хачирлаж мөстсөнөөс улсын чанартай замын хөдөлгөөнийг зогсоох хэмжээний нөхцөл байдал үүсээд байсан. Тэгвэл дээрх хачирлаж тэлсэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах аюултай нөхцөл үүсээд  байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг 2017 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд дээрх мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулжээ. Энэхүү дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1.5 метр гүнтэй 2,100 метр урт хонгилийг ухаж гаргасан байна.
 

Нутгийн иргэд их хэмжээний ус ингэж тэлж хачирласан нь даланг цементлэх ёстой байтал хавтан шигтгэж тэр нь сэтэрсэнээс хүнд нөхцөл байдал үүссэн тухай мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ.

Тиймээс аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 200 орчим хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байгаа аж. Мөн хиймэл нуур лагаар дүүрч тойруулсан далан нь усаа агуулж дийлэхгүй байгаад учраас нь хальж байна гэдгийг ярьж байсан юм. Тиймээс далангийн их засвар, хиймэл нуурын лагийг цэвэрлэх шаардлага үүсээд байгаа аж.
 



Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна