Өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа зээ охиноо зодож, биед нь санаатай гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Хэрэг хоёр ч шатны шүүхээр орж, эцэст нь эмээг гэм буруугүй хэмээн шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар иргэн Ч.Өлзийтмаа “Би нэг зээ охинтой. Бусдын л адил охиноо зөв хүмүүжилтэй, сайн хүн болгохын төлөө зүтгэдэг эх хүн. Тэр нэг охинтойгоо маргалдаад хашраах санаатай галын дэгээ төмрөөр цохичихсон юм. Зээ охиндоо ингэж хатуу хандсан нь миний түмэн буруу. Гэхдээ хашраая гэснээс зодож, гэмтээх санаа агуулаагү. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгчихсөн юм билээ. Цагдаагийн алба хаагчид намайг баривчлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэдэг үндэслэлээр буруутгасан. Харин охин маань нэг ч удаа гомдолтой гэж мэдүүлээгүй. Миний өсгөсөн охин шүү дээ. Бид хоёр амь нэгтэй. Эмээгээ ширүүллээ гэж хууль, цагдаагаар явах хүмүүжилтэй хүн биш. -Цохиулсан газар нь хөхөрсөн төдий. Шинжээч эмч хөнгөн гэмтсэн гэдэг дүгнэлт гаргасан.Гэхдээ би уураа барьж дийлэхгүй, охин руугаа дэгээ төмөр далайсандаа маш их харамсаж байгаа. Хууль шүүхээр явсан учраас гэмшсэн юм биш. Төрүүлсэн ур шигээ өсгөсөн охиндоо гар хүрсэндээ өөрийгөө маш их буруутгасан. Охин хүүхдэд хэлж яриад ойлгуулахын оронд ширүүлчихсэн юм шиг санагдаад, хэцүү байлаа” хэмээн ярьжээ.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сард хэргийг хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг давж заалдах шатны шүүх хэрэгэсэхгүй болгосон байна. Ингээд хэрэг 2017 оны гуравдугаар сард дахин шүүхэд ирж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсэг хэрэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр гэм бурууг хэлэлцэх үндэслэлгүй байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл буруу гэж үзээд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр шүүж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна