Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай бүрэн дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн захиргаагаа эсэргүүцэж өчигдөр жагсаал хийсэн билээ. Тэд хичээлээ ойлгодоггүй, дохионы хэл үзэхийг хүсч байна, сургууль биднийг сонсохгүй байна гэх шалтгаанаар олон нийтэд хандсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 29-р сургуулийн захирал Б.Батсайхан, Сургалтын алба хариуцсан менежер нар дараах тайлбарыг өглөө.
“Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө 8-р сарын 25-ны үеэр тусгай хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дохионы хэлэнд мэргэшүүлэн сургадаг. Дохионы хэл нь ерөнхийдөө өгүүлэмжийг нэмэх үүрэгтэй байхаас биш үндсэн стандартад нийцэхүйц боловсролыг тэр бүр өгч чаддаггүй юм. Дэлхий нийтээр сонсголын бэрхшээлтэй хүмүүст өөр өөр хэлбэрээр дохионы хэл заадаг тул ойлголцоход хүндрэл учирдаг. Тиймээс дэлхий нийтийн боловсролыг эзэмшихээсээ илүү одоо байгаа бэлэн сургалтын үйл явцыг бүрэн туршиж, судлан хэрэгжүүлэхийг зорьдог.
Энгийн хүүхдүүдэд нэг цаг хичээл заахад багшасар их стресс, ядаргаанд ордог. Харин давхар бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах нь үүнээс хэд дахин хүнд. Тэд юмыг маш хурдан өөрсдийнхөөрөө хүлээж авдаг учир багш нараас заах арга барил, ур чадвар ихээхэн шаарддаг. Мөн сонсголын бэрхшээлтэй төгсөгчид их сургуульд орж мэргэжилтэй болдог ч нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй тул тусгай сургуульдаа багшлах хүсэлтэй байдаг. Боловсон хүчний дутмаг асуудал байхгүй.
Нийт 320 гаруй харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Нэг ангид 12-13 хүүхэд хамрагддаг. Багш нар хангалттай хүрэлцээтэй байдаг ба бүгд мэргэшсэн тул хичээл заах арга барилын хувьд маш сайнд тооцогддог. Мөн зургаан туслах багштай. Тэд хүүхдүүдийн чөлөөт цагийн хөгжилд анхаарлаа хандуулдаг. Хүүхдүүдийг зодож цохих байдлаар хүчирхийлэл үйлдсэн асуудал гарч байгаагүй. Манай сургуулийн зүгээс шалгалт явуулсан. Олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсч байна. Энэ бол бидний эсрэг хийж байгаа далд зорилготой явуулга гэдгийг баттай хэлэх байна.
Манай багш нар хүүхдийн төлөө сэтгэлтэй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл гаргаж тайван хандахгүй бол эрсдэлд орох аюултай байдаг. Хичээл тасалдаг, зан төлөвийн хувьд хурц хүүхдүүд нь жагсаалыг зохион байгуулсан байна лээ. Хүүхдүүд хичээлдээ орох үед цөөн хэд нь гадаа сууж байсан. Удалгүй телевизийнхэн орж ирэхэд сурагчид цүнхнээсээ уриа лоозонгоо гаргаж ирээд л орилж эхэлсэн. Үйл явдлыг харахад эртнээс бэлтгэсэн, зохион байгуулалттай арга хэмжээнд хүүхдүүдийг ашиглаж байж болзошгүй байна.
Бусад хүүхдүүдийг сургуульдаа цоожилсон гэдэг асуудлыг хүмүүс тэр бүр зөв талаас нь дүгнэж чадахгүй байна. Учир нь тэр олон хүүхдийг бөөнөөр нь гадаа гаргавал үүнээс ч эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийнхээ дагуу ажилласан” гэлээ.
Тусгай сургалттай хүүхдүүдэд зориулсан хичээлийн төлөвлөгөө, сурах бичиг манай улсад байхгүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байна. Тиймээс энгийн хүүхдүүдийн хэрэглэдэг сурах бичгээс санаа авч хичээлээ боловсруулж заадаг аж. Сургуулийн захиргаа хичээлийн хөтөлбөр боловсруулахад мэргэжилтний нөөц бололцоо мөн санхүүгийн хувьд дутмаг байдаг тухайгаа хэлж байлаа.
Тийнхүү захирлын зүгээс БСШУЯ-руу жил дарааллан хэд хэдэн удаа хөтөлбөр боловсруулах тухай хүсэлт явуулсан ч дорвитой хариу ирээгүй гэнэ. Яамны зүгээс тусгай сургуулийн сурагчдад зориулсан сурах бичгийг цөөн тоогоор хэвлэх боломжгүй гэх хариу өгчээ.
Сургалтын төлөвлөгөөг боловсруулах ажлыг “Боловсролын хүрээлэн” хийх үүрэгтэй байдаг бөгөөд 29-р тусгай сургуулийн шаардлагыг хүлээн авалгүй өнөөдрийг хүрсэн гэх мэдээллийг өгсөн юм.
Бид дээрх асуудлаар “Боловсролын хүрээлэн”-ээс тодруулахаар холбогдоход “Энэ талаар шууд мэдээлэл өгөх боломжгүй. Албан бичиг ирүүлсний дараа дарга удирдлагаасаа зөвшөөрөл авч байж мэдээлэл өгнө” гэх хариулт өглөө.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна