Медведев дархан цаазат газрын 4000 га-г 40-хөн рублиэр авчээ

2017/03/30
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Плес хэмээх газраас 41 сая м.кв эдлэн газрыг жилийн 39 рубль 32 копейкоор түрээслэн “авчээ”. Энэ талаар “Cобеседник”-т мэдээлжээ. 

Ерөнхий сайдыг Плест ангийн аж ахуйтай тухай мэдээлэл нийтлэгдсэн даруйд ОХУ-ын Коммунист намын депутат “Иваново” хотод мэдээллийг шалгах хүсэлт гаргажээ.

Энэхүү хүсэлтийн хариугаар уг газар нь байгалийн дурсгалт газрын статустай ч түрээслэгчдэд ашиглаж болох эрхтэй гэдэг нь тогтоогдсон байна. Газрыг өмнө нь “Дар” сангийн удирдах компани хэмээн нэрлэгдэж байсан “Орион” фирм түрээсэлж байгаа аж. Уг санг Ерөнхий сайдын гэргий Светлана Медведева, Дмитрий Медведевийн их сургуулийн ангийн Илья Елисеев, бизнесмэн Леонид Михельсон нар байгуулсан гэдгийг өмнө нь Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангийнхан баталсан билээ. 

Түрээслэгч дархан цаазат 4108.49 га газрыг шударга явагдсан дуудлага худалдаагаар 49 жилээр авсан гэнэ. Гэхдээ түрээсийн үнэ нь хэлэхэд ч инээдтэй. Нэг га ч биш, бүх газар нь жилийн 39 рубль 32 копейкийн өртөгтэй. Гэтэл “Иванов” мужид нэг га газрын түрээсийн зах зээлийн үнэ хоёр сая рублиэс эхэлдэг гэнэ. “Өөрөөр хэлбэл, Медведевийн дархан цаазтай газар найман тэрбумаас хямд байх учиргүй. Энэ нь жилд нь 165 сая рубль гэсэн үг. Хамгийн багадаа шүү” хэмээн тус хэвлэлд бичжээ. 

Тэр ч бүү хэл “Иванов” мужийн засаг захиргаанаас гурван жилийн өмнө “Орион”-ыг Плест 50 марал буга (үүн дотор эрэгчин нь 20)-ыг ангийн аж ахуйд хүргэхийг зөвшөөрсөн билээ. Амьтдыг Алтайн хязгаараас авчирсан бөгөөд 124 га газарт төмөр хашаа барьж өгчээ. Бас хуш моддыг нь тайрч огтлон, зөөсөн гэнэ. 

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Төрийн думын гишүүн, ОХУ-ын Коммунист намын гишүүн Валерий Рашкин Ерөнхий прокурорын газарт Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангийн мөрдлөг шалгалтаар тогтоогдсон баримтыг шалгах хүсэлт гаргасан байна. Уг мөрдлөг шалгалтад ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй холбоотой гэгдэх байгууллагуудын өмчлөлийн асуудлыг хөнджээ. Энэ талаар Оросын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч Александр Буксман мэдэгдсэн байна. Тэрбээр “Тийм ээ, ийм хүсэлт ирсэн. Тэр бүх шатны байгууллагад хандсан. Бид түүнийг нь шалгах үүрэгтэй” хэмээн тэмдэглэжээ. 

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна