Хоёр ой, дөрвөн сартай хоёр охиныхоо хамт Толгойт өртөөний вокзал дээр хоног төөрүүлж явсан Г.Цагаандарь гэх 23 настай эмэгтэйн тухай “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Б.Сувд-Эрдэнэ олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйдаа олон нийтээс имаш олон санал сэтгэгдэл авч, хандив өргөх хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Өнгөрсөн оны есдүгээр сард бөөрний усжилттай болсон гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэний дараа нөхөр нь өвчтэй гэдгийг сонсоод гэрээ ачиж явжээ. Тухайн үед Г.Цагаандарь долоон сартай жирэмсэн, том охин нь ой гарантай байж. Тэр өдрөөс хойш айлаар хоног төөрүүлж, 15 настай дүүгийнхээ хамт ногооны талбайн манаачийн гэр түрээслэн амьдарсаар сүүлдээ дулаахныг нь бодож вокзал дээр хоног төөрүүлэх болсон гэнэ.
Өдгөө Г.Цагаандарьд туслаж, хоёр охиныг нь орон гэртэй болгох, ээжийг нь эмчлэхэд шаардлагатай мөнгийг цуглуулахаар хандивын аян өрнүүлж байна. 2017 оны гуравдугаар сарын 29-ний 11:00 цагийн байдлаар 373 хүн хандив илгээж 5.781.999 төгрөг цугларчээ. Энэ талаар “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Б.Сувд-Эрдэнэ “Дансан дахь мөнгөнөөс нэг ч төгрөг зарлагадаагүй бөгөөд Enkhchimeg Davaadorj эгчийн явуулсан 25 доллараар эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй зүйлс, алчуур аяга халбага, бусад зүйлсийг бэлдэж өгсөн.
Цагаандарь надтай Фэйсбүүкээр холбогдоход би шууд л яваад очсон. Түүний аваад буцахдаа хаашаа явах, яаж туслах учраа олохгүй байлаа. Г.Цагаандариас “За эгч нь үнэхээр чамайг зөвшөөрвөл зургийг чинь аваад олон нийтэд мэдээлье. Маш олон хүн унших учраас чи шийдээрэй” гэсэн. Цагаандарь ч “Надад нуух зүйл одоо байхгүй, ярьж байгаа бүхэн минь үнэн” гэсэн. Тэгээд л зургийг нь аваад нөхцөл байдлыг нь бичээд фэйсбүүктээ постолсон. Тухайн үед “Хаашаа явах вэ” гэж бодож байгаад “За тусалдаг хэдийнхээ нэгний гэрт хүргэж өгдөг ч юм билүү” гээд бодож байтал утас дуугарсан. Нэрээ нууцлахыг хүссэн эгч өөрийнхөө сувилалд хэвтүүлж өгье гээд залгадаг юм байна. Цагаандарийгаа сувилалд хүргэж өгөөд удаагүй байтал “Улаанбаатар мед” эмнэлгийн гүйцэтгэх захирал залгаад, долоо хоног үнэ төлбөргүй эмчлүүлэх санал тавьсан. Бүх зүйл үнэхээр сайхан дэс дараатай бүтсэн” хэмээн ярьжээ.
Түүнд туслах хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан /Цагаандарьд гэж хийх/ Холбоо барих утас: 88197878)
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна