АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп “Ерөнхийлөгчийн туслах” гэсэн цалингүй албан тушаалд томилогдон эцгийнхээ засаг захиргаанд албан ёсоор нэгдэж байгаа тухай Цагаан ордон мэдэгдлээ. Түүнийг ерөнхийлөгчийн туслах болгохыг ёсзүйн мэргэжилтнүүд эрс шүүмжилж байгаа юм. 35 настай Иванка Трамп: “намайг ерөнхийлөгчид зөвлөгөө өгөхөд мэдлэг чадвар дутна гэж хүмүүс санаа зовж байгаа тухай би сонссон. Би өөрийн чадах бүхнээ хийнэ” хэмээн аавынхаа туслахаар ажиллах дуртай байгаагаа илэрхийлжээ.
Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөх юм. Иванка Трамп Цагаан ордны баруун жигүүрт ажиллана гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсны дараа ёсзүйн шинжээчид шүүмжилж эхэлсэн юм. Иванка Трамп ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэн бизнесийн үйл ажиллагаагаа хязгаарлах алхмуудыг хэдийн хийж эхэлжээ. Тухайлбал, тэрбээр “Trump Organization” байгууллагыг удирдахаа больсон юм.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна