Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан өнөөдөр /2017.03.30/ боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулсан юм. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын дарга 8 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ хөтөлбөрийн цөм нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал байгаа. 2021 он хүртэл 2 үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрт 59 ажил, арга хэмжээ тусгагдаж, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглон, агаар бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувь, тоосонцор хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувиар бууруулах зорилт дэвшүүллээ. Үндэсний хөтөлбөрт нийцүүлэн Нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулж, “Утаагүй хот 2030” төслийн хамт НИТХ-ын ирэх 4 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна” хэмээн онцолжээ.
НИТХ-ын долоо дугаар хуралдаанаар баталсан Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд мөн дүгнэлт өгсөн байна. НИТХ-ын үйл ажиллагаанд зөвхөн хуралдааны дэгийг мөрдөж ирсэн нь хурлын олон талт чиг үүргийг зохицуулахад учир дутагдалтай байна гэж Хурлын Тэргүүлэгчид үзсэн учир НИТХ, түүний бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх 7 дүрэм, журмыг багцлан боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Санал болгож буй 7 дүрэм, журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна