Нийслэлийн Техник технологийн олимпиадын 23 дахь жилдээ “МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд НИТХ, Нийгийн хөгжлийн хорооны ивээл дор 2017 оны 3 сарын 30-31 ний өдөр БГД-ийн лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан тус олимпиад зохион байгуулсан ба энэ жилээс МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болгон зохион байгууллаа.
Уг олимпиадад 4 төрлөөр Дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид оролцож байна. Техник технологийн олимпиад нь Нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг өөрсдөө зохион бүтээж, уралдуулдаг ба хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхдүүд бүтээлээр оролцдог юм.
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал “Монгол хүн” аяны Бүтээлч, шинийг сэтгэгч, Хөдөлмөрч Монгол хүүхдийг бэлтгэхэд энэхүү Техник технологийн олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулна” гэлээ.
Загвар бүрийг хүүхэд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу талууд олгодгоороо онцлог юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна