Яг одоо Сүхбаатарын талбайд оффшорчдын эсрэг жагсаал болж байна. Жагсаалыг иргэний нийгмийн 30 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулж байгаа юм.
Энэ тэмцлийг 100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлсэн байна. Тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 16 тэрбум ам. долларыг буцаан оруулж ирэхийг шаардаж байна.
Ард түмний онц зөвлөл буюу АТОЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүйд жагсаал зохион байгуулагчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.
Иргэд идэвхтэй оролцож буй энэхүү жагсаалд иргэний нийгмийн байгууллагуудаас гадна улс төр, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд энэ жагсаалд оролцож дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэр дундаа Ардын уран зохиолч Тангадын Галсан оффорчдыг “Овт шаарнууд” гэж тодорхойлоод эцэстээ тэд “үхэх газаргүй хүүрнүүд” болно гэсэн юм.
Мөн иргэд эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд сэтгэл зовниж байгаагаа хэлж байсан бөгөөд С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй оффшорчдыг Монголд авчирч шударга шүүхээр оруулахыг, газар нутгаа бус харин оффшорчдын дансыг ухуулахыг шаардаж байлаа.
АТОЗ-ыг санаачлагч, ерөнхий зохицуулагч С.Батчулуун: 16 тэрбум доллар хаана байна вэ?
-Та оффшорын асуудлаар НҮБ-д хандана, шалгуулна гэж байна. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-2003 онд манайх Авлигын эсрэг нэгдсэн үндэсний конвенцид нэгдэн орсон. Улмаар 2005 онд соёрхон батлаад шууд хуулиар авсан. Тэгэхээр энэ монголын хууль. Үндсэн хуулийн дараа очиж хууль юм шүү.
Энд улс орнуудын дээдсийн хулгайг хориглосон бүх заалтууд бий. Өөрөөр хэлбэл, оффшор руу мөнгө гаргахыг хориглосон бүх заалтууд бий. Хармсалтай нь үүнийг дарсан. Ийм учраас бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсыг энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гаргаж өгнө үү гэж уриалж байгаа.
Үндэстэн дамнасан мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг бол үндсэндээ оффшор. Жишээ нь Оюутолгой бол 100 хувь оффшор. Үүнийг хүчингүй болгоод шинээр эхлэх боломж энэ хуулинд байгаа. Энэ хуулийг одоо УИХ-д сууж байгаа түшээд ихэнх мэдэхгүй байна. Угаасаа үүнийг зориуд дарсан. Тиймээс хуулийг гаргаж ирэхийн тулд НҮБ-д хандаж байгаа юм.
-Одоо яригдаж байгаа оффшорын тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эхлээд оффшорын асуудлыг цэвэрлэж цэгцэлсэний дараа хуулийн асуудал ярихгүй бол одоо өөрсөддөө тохирсон тааруулсан хулгай хийх боломжуудаар өөрсдийгөө хангасан хууль батлагдах болно. Тиймээс эхлээд оффшорыг шалга, уг үндсээр нь гаргаж ир, тэндээс төрийн голомт дахь хорт хавдарын үндэс гарч ирнэ. Тэр шинжилж, судалсаны дараа шинэ хууль гарч ирэх нь зүйтэй гэж харж байгаа.
-Оффшорчдыг, тэдний нуусан хөрөнгийг зарлах хэмжээний мэдээлэл та бүхэнд бий юу?
-Бид мөрдөн байцаагчид биш. Эхлээд УИХ хурлаа хийгээд тэр хүмүүсийг байцаа. Үүний үндсэн дээр АТГ, ТЕГ мэргэжилтнүүдийг оффшор бүсүүд рүү илгээ. Эндээс бүх зүыл тодорхой болох боломж бий. Бид үүний төлөө л явж байгаа.
Дэлхий энэ хүмүүсийг зарлачихсан. Зарласан мэдээлэл дээр бид анализ хийхэд МУ-ын өр 23 тэрбум гаруй доллар байгаа. Эндээс 7 тэрбумыг нь бүтээн байгуулалтад зарцуулсан бол үлдсэн 16 тэрбум хаана байна вэ? Үүнийг чимээгүй зөөж байхад ард түмэн татвараа төлж байсан.
Ард түмний онц зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Хишигт: Иргэд нь өрөндөө баригдчихсан, улс нь өрөндөө баригдчихсан, шинэ төрж байгаа хүүхэд хүртэл өртэй болж байна гэхээр бидэнд байж суух газар алга
-Та энэ жагсаалд оролцоа болсон шалтгаан, зорилгоо хуваалцахгүй юу?
-Улс орны аюулгүй байдал өр зээлтэй холбоотойгоор алдагдаж байна. Үүнтэй холбоотойгоор АТОЗ байгуулагдсан. Яг одоогийн байдлаар идэвхтэй ажиллаж байгаа 300 гаруй хүн байна. Олон улс оффшортойгоо тэмцээд шийдэж байна. Хоёр хөршөө л хар л даа. ОХУ эдийн засгаа сэргээчлээ, хятад арга хэмжээгээ авчлаа. Харин хэдхэн увайгүй хүмүүст дээрэлхүүлсээр дуусах юм гэж үү.
-Миний хувьд та бүхнийг дэмжиж байна. Гэхдээ ямар ч жагсаал цуглаан улс төрийн зорилготой эсэх дээр хардлага дагуулдаг?
-Улс төрийн ямар ч захиалга байхгүй. Зүрх сэтгэлээрээ нэгдсэн жирийн иргэд л энэ тайлбай дээр байна.
Сошиал хөгжсөн өнөө үед санаа зорилго нэгтэй иргэд нэгдэх боломж их байна. Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал ямар хүнд байгааг мөнгөндөө толгой нь эргэчихсэн дарга нар мэдэхгүй, ойлгохгүй байна.
Бүгд өр зээлтэй, хүнд байдалтай амьдарч байна. Иргэд нь өрөндөө баригдчихсан, улс нь өрөндөө баригдчихсан, шинэ төрж байгаа хүүхэд хүртэл өртэй болж байна гэхээр бидэнд байж суух газар алга. Эх орноо алдах гээд байна шүү дээ гэж бодохоор тэмцэхээс өөр сонголт алга.
-Та ямар ажил хийдэг хүн бэ?
-Ногоо тарьдаг. Тариа ногоо тарьмаар байна. Гэтэл тэмцэлд нэгдэн орохоос өөр арга байдалд хүргэж байна ш дээ. Ямар ч байсан энэ асуудал дээр эцсээ хүртэл тэмцэнэ ээ.
-Та бүхэн жагсаал хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсан уу?
-Цагдаагийн байгууллагас дөрвөн цагийн зөвшөөрөл аваад жагсаж байгаа.
МУГЖ, дуучин Далантай:Төр маань эрүүл байгаасай
-Та жагсаалд нэгдэхээр ирэв үү?
-“Чингисийн цэрэг халагдах болоогүй” гэж миний дуулдаг дуу байдаг юм. Тэр дуу маань эх оронч залуусын маань сүлд дуу болсон. Тэр дуун дээр “Урвагч ноёд мөнгөө базаагаад зутаад байна уу, яараад байна уу” гэж гардаг л даа. Энэ дуугаа дуулахаар ирчихээд зогсож байна.
-Энд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдтэй санал нийлж байгаа байх?
-Тийм ээ. Төр эрүүл байгаасай, шударга байгаасай. Монголын ард түмэн төрийн минь сүлд өршөө гээд төрдөө залбирдаг ард түмэн шүү дээ. Ард түмнийхээ хүслийг хүлээж аваасай гэж бодож байна.
С.Начин
Сэтгэгдэл бичигдээгүй байна