БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж байгаа "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төвд эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Ховд аймаг түншээр оролцож байгаа бол Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгууд аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцож байна.
Үзэсгэлэнд оролцогчид Баянхонгор аймгийн байгалийн дахин давтагдашгүй байдал, Мазаалай баавгай, хүн төрөлхтний түүхийн өлгий болсон говийг нүдээр үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарын шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээг сурталчлан танилцуулах зорилготой. Түүнчлэн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг олгодог аж. Энэ удаагийн үзэсгэлэнгийн аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна. Мөн төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээрүүдийг баталгаажуулах “B to B” өдөрлөг болно.
Үзэсгэлэнд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна