Иргэдийг хүлээн авч уулзлаа

2017/04/04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хийлээ. Уулзалтад нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь иргэдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх цаашлаад нийслэлд хийж хэрэгжүүлж болох шинэ санал, санаачлагыг сонсч хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцах юм.



Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, “Ариун трейд” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл өнөөдрийн уулзалтад ирсэн байв. Тус компани “AR” дэвшилтэд технологийг Монголд нэвтрүүлэн хөгжүүлж, хүүхэд багачуудад зориулсан ухаалаг 4D карт, үлгэрийн ном, дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийдэг байна. Н.Бямбагэрэл “Бид үйлдвэр, үйлчилгээ, фото зураг болон дүрс бичлэгийн газартай. Монгол агуулгатай бэлэг дурсгалын зүйл зэрэг өв соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй. Өнөөдрийг хүртэл санхүүгийн асуудлаа өөрсдөө шийдэж ирсэн. Гэхдээ бид нийслэлээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг хүсээгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Мэдээллийн технологийн газруудтай хамтран хотын барилга байгууламжуудыг бүрэн мэдээлэлжүүлж, тухайн барилга байгууламжийн түүхэн видео гардаг зэргээр хийж болно. Улаанбаатар хотод ирсэн жуулчдад зориулсан албан ёсны газрын зураг, хөтөч байдаггүй. Энэ технологийг нэвтрүүлснээр жуулчид өөрсдийгөө мэдээ мэдээллээр хангаж Улаанбаатар хотын бүхий л барилга байгууламжийн үүх түүхийг ямар нэгэн хөтөч тайлбарлагчгүйгээр олж мэдэх боломж бий болох юм” хэмээлээ. Түүнчлэн төрийн албан хаагчдыг 100 хувь дахин боловсруулсан цаасаар хийсэн эко нэрийн хуудас ашигладаг болох уриалгыг нийслэлийн Засаг даргад гардууллаа.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглаад шинийг санаачлан бодит ажил болгож байгаа залуусыг нийслэл дэмжин ажиллах болно. Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Мэдээллийн технологийн газруудтай хамтраад та бүхэн төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллах хэрэгтэй. Бидний зүгээс хэрхэн ямар мэдээллээр та бүхнийг хангаж ажиллах боломж, бололцоотой талаар ярилцаж шийдвэрт хүрэх хэрэгтэй. Эко нэрийн хуудас ашиглах уриалгыг харьяа газар, агентлагуудад хүргүүлэх болно. Та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэн Ш.Доржсүрэн Улаанбаатар хотыг утаагүй болгох шинжлэх ухааны үндэслэлтэй боломж, олон улсын туршлага, түүнд тулгуурлаж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцахаар ирсэн байлаа. Ш.Доржсүрэн “Улаанбаатар хотод агаарын урсгалын зураг гэж байдаггүй. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны хэмжээнд явагдаж байгааг мэргэжлийн хүмүүсээс нь тодруулсан. Энэ судалгаан дээр үндэслэж агаарын урсгалын чиг хөдөлгөөн бүх зүйл зурагдана. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын урсгалын ерөнхий төрх байдал харагдана. Бид агаарын урсгалыг хаахгүй байх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэвэл нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжийг зөв зохион байгуулалттай барих шаардлагатай. Улаанбаатарын агаар хаанаа саатаад байгаа вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд идэвхжүүлэх боломжтой” гэдгийг хэлж байлаа.

“Бид агаарын бохирдлыг бууруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч тодорхой санаанд хүрсэн үр дүнд хүрээгүй байна. Бид бүхий л арга хэмжээг авч ажиллах ёстой. Улаанбаатар хотод ачаалал маш их байна. Жил бүр шинээр яндан, авто машин болон агаар бохирдуулагч бусад эх үүсвэрүүд ихээр нэмэгдэж байна. Таны дэвшүүлж байгаа санал сонирхолтой санагдаж байна. Бидний зүгээс дэмжин ажиллана. Энэ судалгааг хийлгэх хэрэгтэй юм байна. Манай холбогдох албаны хүмүүстэй уулзаад, шаардлагатай гэвэл ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Засаг дарга хэллээ.

Дараагийн иргэн СБД-ийн 5-р хороо Сөүлийн гудамжинд үйл ажиллагаа явууулдаг “Н энд Н” компанийн захирал С.Намжилсүрэн байсан юм. “2012 онд Үндсэн хуулийн гудамжны замын өргөтгөл хийгдэж, манай байгууллагын кадастар бүхий эзэмшил талбайгаас 142.2 мкв талбай хасагдаж, 16 сая төгрөгөөр бүтээгдсэн “Тэхийн шээг” бүхий ногоон байгууламжийг өөрчилж Үндсэн хуулийн гудамжнаас ордог албан ёсны зөвшөөрөл бүхий автомашины орц, гарцыг хаасан. Энэ асуудлыг шийдэж нөхөн олговрыг олгох, орц гарцыг нээж өгөхийг хүсч байна” хэмээн ярьж байв.

Нийслэлийн Засаг дарга нийслэлийн Газрын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газруудын удирдлагад нийтийн эзэмшлийн зам талбай, иргэн аж ахуйн нэгжийн орц гарцыг хэрхэн шийдэх боломж бий вэ гэдгийг танилцуулах үүрэг өглөө.

Түүний дараа БЗД-ийн 12-р хорооны иргэн Ө.Эрдэнэболд өөрийн санаачилсан “Гэгээн” төслийг танилцуулав. Тэрбээр гэр хорооллын хаягжилт, орон сууцны хорооллын гэрэлт хаяг болон орцны хаягжилтыг шинэчлэн лед гэрэлтүүлэгтэй шийдэл боловсруулсан аж. Энэ хаягжилтыг хийснээрээ иргэд олон нийт аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдэхээс гадна хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлнө. Цаашлаад цагдаа, түргэн гэх мэт тусгай үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс цаг алдалгүй иргэдэд хүрч ажиллах боломжтой гэх мэт олон давуу талтай. Уг төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Гэр хороололд 19 тэрбум төгрөг, байшин хороололд 2.8 тэрбум төгрөг, орцонд 3.6 тэрбум төгрөг шаардлагатай”  хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын хаягжилтыг өөрчилж шинэчлэх хэрэгтэй байгаа. Та бүхний төслийн өртөг маш өндөр тусч байна. Энэ төслийг эхний ээлжинд байшин хороололд хэрэгжүүлбэл боломж бололцоо бий юу гэдгийг бид судлаж үзээд эргээд холбогдох болно” хэмээв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Батболд уулзалтуудаас гарсан шийдвэр, үүрэг даалгаврыг хэрхэн яаж шийдвэрлэсэн, хаана ямар шатанд явж байгаа талаар байнга танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна