ЭЕШ-ын дүнгээ тэр даруйдаа харах боломжтой

2017/04/05
Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтыг орон даяар нэгдсэн журмаар авдаг болоод даруй 11 жил өнгөрчээ. Энэ жилийн хувьд ирэх зургадугаар сарын 14-18-ны өдрүүдэд болох юм. 

Өмнөх жилүүдэд шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс төвлөрүүлж, шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээллэдэг байсан. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хүлээж цаг алдах хэрэггүй болжээ. Учир нь шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах аж. 

Тодруулбал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “Шилэн технологи” нэвтрүүлэхээр болжээ.

Шилэн технологийн давуу тал нь шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно. Мөн эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернетээр шууд хянах боломжтой аж.

Гэхдээ энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгөний асуудал суугаагүй учраас шилэн технологийг 100 хувь нэвтрүүлэх боломжгүй.  Энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөс сонголт хийн, цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх "Шилэн технологи"-ийг нэвтрүүлэх юм.

Өнгөрсөн ням гаригт Боловсролын үнэлгээний төвөөс шилэн технологи нэвтрүүлэх ажлаа танилцуулсан байна. Энэ үеэр 7000 орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтын тест бөглөн, тэр даруйдаа хариугаа мэдэж авчээ. Ирэх жилээс элсэлтийн ерөнхий шалгалтыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байна.

Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ цахим үнэмлэх, цээж зураг, интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу Боловсролын үнэлгээний төвийн дотоод төлбөрийн хэрэгсэл,  шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байх шаардлагатай.

Харин хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа Боловсролын үнэлгээний төвд өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна