Хүргэн Г.Дэнзэнгийн хамсаатан хэн байв?

2017/04/05
Одоогоос хоёр жилийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн тус компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнг холбогдуулж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бус тендер зарлан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх компанийг шалгаруулсан гэх дуулиан дэгдэх үеэр тэрээр гадаадад байв. Түүнийг эх орондоо ирэнгүүт хуулийнхан шалгаж эхэлснээр эдүгээ таван өдөр үргэлжилсэн шүүх хурал болж өндөрлөлөө.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан 2012 оноос уг хэрэг улбаатай. АТГ, прокуророос Г.Дэнзэн нарын таван хүнийг тендер хууль бусаар авахад зохион байгуулж оролцон улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган яллав. Тэгвэл тэдгээр таван хүн хэн байв?

Г.Дэнзэн: Прокурорын яллах дүгнэлтэд Г.Дэнзэнг Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашигласан. Улмаар өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвөөс 137 сая төгрөгийг хувьдаа завшсан. Түүнчлэн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа бусадтай үгсэн тус компаниас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулсан. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас мөнгө нэхэмжлэх нэрээр хууль бус нэхэмжлэл шүүхэд гарган тус компанид их хэмжээний хохирол учруулсан хэргийг зохион байгуулж компанид 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байв.

Тэрээр мэдүүлэгтээ “Миний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар арслан” /эгчийнх нь/ компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан” хэмээжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.Дэнзэнг Өршөөлийн хуульд хамруулан төлөвлөсөн ялыг бууруулж 3.6 жилийн ял оноов. Я.Батсуурь: Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн гэж буруутган хоёр жилийн хорих ял оноосон юм. Я.Батсуурийг Г.Дэнзэнийн эхнэрийн нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулахын тулд үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилсөн, хууль бус тендерт шалгарсан компанид мөнгө шилжүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах нэрээр хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж компаниас их хэмжээний мөнгийг нөхөн олговорт олгох шийдвэрийг гаргасан хэмээн прокуророос буруутгасан байв.

Г.Түмэнхүү: Г.Дэнзэнгийн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч тэрээр мэдүүлэхдээ “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүй” гэж байжээ. Гэвч түүнийг хууль бус тендер шалгаруулахад оролцсон гэж үзжээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа “Говь повер” компанийг тендерт ялуулахад оролцсон хэмээн буруутгаж хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо.

н.Төгсбаяр:  “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч. “Говь повер” компанийг тендерт ялуулах үнэлгээний хороонд орж ажилласан нэгэн. “Говь повер” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулах хүсэлтэй 7.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралд компаниа төлөөлөн оролцсон. Хуулийнхан түүнийг хоёр компанийн хооронд хуурамч эвлэрлийн гэрээ байгуулж их хэмжээний мөнгийг “Говь повер” компанид шилжүүлэх шийдвэрийг гаргахад оролцсон гэж үзсэн юм. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс иш татахад “Говь повер” ХХК хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан гэж бичсэн байна. Тендерийн материараас харахад “Говь повер” ХХК-д энэ төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй байсан байна. Анхны тендер байсан учир би туршлага муутай байсан. Энэ компанийг тусгай зөвшөөрөлгүй байсныг мэдээгүй” гэжээ. Түүнд шүүхээс мөн л хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

Д.Баярмаа: Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанид онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн юм. Учир нь тэрээр “Говь повер” компанийн хамтран эзэмшигч. Шүүхээс түүдн төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 9.7 сая төгрөгийн торгууль оногдуулсан юм. Тэрээр мэдүүлэхдээ “Бидэнд ч завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй” гэжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна