Хойд Солонгос Японы далай руу пуужин харважээ

2017/04/05
Хойд Солонгос зүүн нутгийн боомт хот болох Синпогоос өнөө өглөөний 6:42 цагийн үед Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харважээ. Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдэгдсэнээр, уг пуужин 60 орчим км зам туулжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Дээд хэмжээний уулзалт хийхээс нэг өдрийн өмнө Умард Солонгос пуужингийн ээлжит туршилтаа ийнхүү хийсэн нь улс төр судлаачдын хувьд хэд хэдэн эргэлзээтэй асуудлыг бий болгоод байгаа юм.

Хоёр улсын удирдагчид Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцэх юм. НҮБ пуужингийн болон цөмийн туршилт хийхийг Умард Солонгост хориглосон билээ. АНУ-ын армийн Номхон далайн командлалын мэдэгдсэнээр, сүүлд харвасан пуужин нь “KN-15” гэдэг дунд тусгалын баллистик пуужин байж магадгүй. АНУ болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс пуужингийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.

Э.Сугармаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна