Ц.Элбэгдорж: УИХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд их итгэл тавьж байгаа

2017/04/05
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлж байна. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд ихэд итгэл тавьж байгаагаа хэлсэн үгнийхээ эхэнд онцоллоо. Тэрбээр дараах хэд хэдэн асуудалд УИХ анхаарч ажиллахыг хүссэн юм. Түүний УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн  үгээс  тоймлон хүргэж байна. 

1. Хариуцлагын асуудал. Хямралт байдлын гол шалтгаан нь эдийн засаг биш. Харин улс төр, хариуцлагагүй байдал юм. Монголд мөнгө олдох бололтой. Харин хариуцлага олдохгүй байна. мөнгөгүй хийж болох бол хариуцлага юм. Хариуцлагатай болоё гэвэл Хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй. МАН-ын 65 гишүүний хамгийн чухал зээл бол монгол ард түмний итгэл юм. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй.

2. Бизнес дэх улстөрийн оролцоо эдийн засгийг туйлдуулж байна. том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна. Төр бизнес хоёрыг салгахгүйгээр энэ байдлыг засах аргагүй. Төрийн яам агентлагийг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Төрийн байгууллага тендер хөөцөлдөж барилга барьдаг болсон. Албан тушаалтны гарын үсэг, тамганы дардас бүхэн бизнес болсон. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг ч болиулах хэрэгтэй. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг сайд, дарга нараас салгах хэрэгтэй.

3. Төрийн зардлыг хасахгүйгээр монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаа их байгаагийн гол шалтгаан нь төсвийн алдагдал. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын хуулиа чанд сахих хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоог хазаарлах хэрэгтэй. Өнөөдөр бид зөвхөн эрхээр засаглаж байна. хуулиар засаглах гэж оролдож байна. харин ёсзүйгээр засаглах болоогүй байна.

4. Төрийн зардал эрс нэмэгдсэн шалтгаан нь төр бүхнийг өөрөө хийдэгтэй холбоотой. Ухаалаг төрийн бодлогыг бүх нам, намын бүлэг дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоол гарсан. Энэ хамтын бүтээл нэгдсэн зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 5. Улстөрийн нам тойрсон асуудлыг шийдэх хэрэгтэй. Явцуу сонирхлыг хэрэгжүүлэгч болж хувирсан. Болохгүй байгаа зүйлүүдийн ихэнх шалтгаан нь улстөрийн намтай холбоотой. Тиймээс би та бүхний оронд байсан бол Улстөрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хамгийн түрүүнд барьж авах байсан.

Тэрбээр чуулганы нээлтэд үргэлжлүүлэн үг хэлж байна. 

Б.Сондор 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна