УИХ-ын хаврын чуулганы эхний нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна
Уг хуулийн төслүүдийг Засгийн газар 2017.03.24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Хуралдаанаар Төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд болон бусад албаныхнаас асуулт асууж байна.
Хуралдааны эхэнд засгийн газрын гишүүн сангийн сайд Б. Чойжилсүрэн төсвийн тодотгол хэлэлцэх талаар илтгэлийг танилцууллаа.
Тэрбээр “Өрийн тогтвортой байдал алдагдсан зэрэг хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Өмнөх засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн хэлэлцээр амжилтгүй болж байсан. Харин манай засгийн газар энэ асуудлыг амжилттай шийдсэн. Хэлэлцээр нилээд амаргүй болсон. ОУВС-ийн хөтөлбарт хамрагдахын тулд эхний гурван шаардлагыг биелүүлэх ёстой.
Үүнд:
1. Төсвийн тодотголыг 4 сарын сарын эхний хагаст багтаан батлах
2. Банкны акадимик үнэлгээг хийх
3. Мөнгөний бодлогыг төсөв тусгах зэрэг
ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж эхэлвэл төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, зардлыг бууруулах зэрэг ашиг тустай.
Манай улсын тэтгэврийн сан зардалаа танаж хасах шаардлага тулгарсан. Тэтэгэврийн насыг нэмэх нь иргэдэд хүндээр тусах тул жил жилээс аажмаар нэмэх нь зүйтэй.
Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд 65 нас болгож, харин эмэгтэйчүүдийн насыг 2037 онд 60 нас болгохоор хуулийн төсөлд тусгалаа.
Онцгой байдлын салбарт хоёр хүн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг хүнийг орлуулан томилох, харин бусад салбарт тухайн хүнийг орлуулах хүнийг гурван жил нөхөхгүй байх шийдвэрийг төлөвлөж байна.
Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн түлхүү зарцуулна.
\Эдийн засаг сэргэх төлөвтэй болж байгаа нь түүхий эдийн үнэ өссөн гэдгээс гадна эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Өмнөх засгийн газрын төсөв мөнгөний хэтэрсэн бодлого нь эдийн засгийг хүнд байдал руу түлхэж байна.
Бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэл, иргэдээ ажлын байраар хангах ажлын хүрээнд төсвийн тодотголд хэд хэдэн зүйлийг тусгасан.Ард иргэдээ хүртээмжтэй хямд орон сууцаар хангах ажлыг дэмжиж ажиллана. 111 тэрбум төгрөгийн зардлыг орон сууцны ипотекийн зээлд зориулан төсөвт тусгаад байна.
2017 оны төсвийн тодотголыг энэ сарын эхний хагаст хэлэлцэн баталснаар ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үндэс бүрдэх бөгөөд эдийн засаг сэргэх, тогтвортой байдлыг бүрдүүлэх ач тустай.Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа. ОУВС нэрээр гаднаас зээл авч, мөн иргэдийн нуруунд татварын ачааг нэмж байгаа нь буруу. Бид төр өөрөөсөө эхэлж хэмнэлтийн горимд шилжих байх гэж харж байлаа.
Засгийн газарт олон агентлагийн дарга нар илүү зардал, хэрэглээ байгаа. Яагаад төр өөрийн данхайсан бүтэц, хэрэглээгээ танахгүйгээр зургаан нэр төрлийн татварыг оруулж ирж байгаа юм бэ?. Бид ажил авахад эдийн засаг хямарчихсан дордсон байсан гэсэн асуудлыг их ярилаа. Төсөв санхүү, эдийн засгийн гол асуудлыг эрхэлж байсан хүмүүс танай намаас ажиллаж байсан" гэдгийг сануулав.
Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн дээрх асуултанд хариулахдаа "Хэн хэзээ яагаад ийм болгосон талаар яривал хугацаа их шаардана. Үүний ордонд эдийн засгаа хүнд байдлаас аврах ажилд хамтарч ажиллахыг хүсмээр байна. Төр зардлаа хэмнэх хэрэгтэй гэдэг дээр таньтай санал нэг байна.
Төрийн албан хаагчдын тоог хасах нь зүйтэй. Тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд шинээр хүн ажилд авахгүй. Харин эрүүл мэнд онцгой байдлын салбарт бол нэг хүн томилно гэж шийдвэрлэсэн байгаа. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шаардлагыг тавьж байгаа гэдгийг дуулгая" гэлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: "Эдийн засгаа хэрхэн сэргээх тал дээр олон улсын банк санхүү болон бусад байгууллагатай ярилцаж олон ажил хийж байна. Засгийн газар удаан байна гэж олон хүн шүүмжилж байна. Яагаад удаад байсан гэдгийг ОУВС-тай хөтөлбөрт хэрэгжүүлэх гэж байгаагаас харж болно. Хөтөлбөртэй холбоотой шийдвэр гаргах явц удаад байсан гэдгийг хэлье.
Миний бие Сангийн сайд байсан нь үнэн. Гэхдээ яагаад танай нам МАН-ыг хамтарсан Засгийн газар байгуулъя гэчихээд найман сарын дараа хамтрахаа болъё гэсэн юм бэ. Магадгүй хамтарсан Засгийн газар ажиллаад байдал сайжирсан бол өнөөгийн хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан байх. 5.5 тэрбму ам.долларын их өрийг яаж, юунд зарцуулах гээд байгаа юм гээд байх юм. Энэ мөнгөөр АН-ын тавьсан өрийн хугацааг л сунгаж байгаа юм шүү дээ. Өнөөдөр Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан" гэв.
Төсвийн тодотголыг хэлэлцэх анхны хэлэлцүүлгийн хуралдаан үргэлжилж байна.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна