Оффшорчдын эсрэг хөдөлгөөнийхөн С.Баяр, С.Баярцогт нарыг шалгах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүллээ

2017/04/06
Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд оффшорчдын эсрэг жагсаалыг иргэний нийгмийн 30 гаруй төрийн бус байгууллагууд  нэгдэн зохион байгуулсан. 

Энэ тэмцлийг  100 орчим байгууллагаа дэмжихээ илэрхийлж, тэд оффшорчдын гадны дансанд байршуулсан 16 тэрбум ам. долларыг буцаан  оруулж ирэхийг шаардсан билээ. Ард түмний онц зөвлөл буюу АТОЗ-өөс  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ зэрэг албан бичиг шаардлага хүргүүлж оффшорчдыг зарлаж шалгахыг тулган шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэн хариу өгөөгүй.

Тэд эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд сэтгэл зовниж байгаагаа хэлж байсан бөгөөд  С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй оффшорчдыг Монголд авчирч шударга шүүхээр оруулахыг, газар нутгаа бус харин оффшорчдын дансыг ухуулахыг шаардаж байгаа юм.

АТОЗ-оос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,
оффшорчдыг шалгуулах тодорхой гарц гаргах шаардлагыг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Тэдний Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлж буй шаардлагад:

-ИБНВУ-д элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эргүүлэн татах.

-Оффшортой холбоотой С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгажээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагадаа оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ.

Дээрх шаардлагуудынхаа хариуг энэ сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос биечлэн хүлээн авах аж.

Хэвлэлийн хурлын үеэр Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийн тэргүүн Б.Батбаяр Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхийг шаардахаа мэдэгдэв.

Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна