Ходоодоо дурандуулахаас айх хэрэггүй

2017/04/06
Дуран гэж юу юм бэ, ямар ач холбогдолтой талаар ХСҮТ-ийн дурангийн эмч Ж.Оюунчимэг зөвлөж байна. Дуран гэдэг нь тусгай дурант багажаар ходоодны салстыг шинжилж үнэлгээ өгдөг шинжилгээний нарийвчилсан арга байдаг. Ходоод, аюулхай орчим эвгүй оргих, цанхайж цардайх, гэдэс дүүрэх, горойж тээглэх, амархан ядрах, эцэж турах, хар шүлс аманд ихээр ялгарах, цээж хорсох, гашуун оргих, огиж бөөлжих, өтгөн хар гарч байвал хурдан дурандуулах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгийг дурангаар харж юунаас болсныг нь мэдэж болно.

Хэрэв та ходоодоо дурандуулахыг хүсвэл өмнөх орой нь буюу 19:00 цагаас хойш хоолоо сойгоод өглөө юу ч идэж, уухгүй өлөн ирэхэд хүний ходоод тайван, салст дээрх жижиг өөрчлөлтүүд ч харагдах боломжтой. 19:00 цагаас хойш шингэн зүйлийг бага зэрэг ууж болох аж. Үүнд үзэмний шүүс, буцалсан ус, ногоон цай болох нь. Та дурангийн шинжилгээ хийлгэснээр ходоод болон хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүд, ходоодны шарх, хортой болон хоргүй хавдрыг оношлуулснаар эмчилгээ хийлгэх үгүйгээ мэдэх боломжтой юм байна. Дуран оношлогоогоор оношоо зөв гаргачихвал аливаа өвчний эмчилгээний асуудал төдий чинээ хурдан шийдэгдэх аж.

Манайхан ходоодоо их дурандуулах нь шархлаа үүсгэх аюултай гэж айдаг. Тэгвэл энэ нь буруу ойлголт юм байна. Энэ нь ямар ч хоргүй шинжилгээ, олон дурандуулснаар муу юм болдоггүй. Харин ч эсрэгээрээ цус алдаж байгаа, амь нас нь аюулд ороод хүрч ирсэн тохиолдолд дурандаж үзээд хаанаас нь цус гарч байна, тэр үед нь оношлож дурангаараа эмчилгээ хийдэг байна. Дуранг хэсгийн мэдээ алдуулалттай хийнэ.

Магадгүй өвчин намдаах бодисуудад харшилтай хүмүүс мэдээ алдуулахгүйгээр сэтгэлзүйн бэлтгэл өндөр байвал мэдээ алдуулах бодисгүйгээр хийлгэж болох юм байна. Сүүлийн үед унтуулгатай дуран хөгжиж байгаа ажээ. Өдөр тутмын дурангийн шинжилгээг хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийдэг байна. Зайлшгүй шаардлагатай, жижиг дурангийн эмчилгээний аргуудын үед унтуулгатай дуранг хийдэг аж. Унтуулгатай дуранг сэхээний эмч нартай хамтарч унтуулаад оношлогоо, эмчилгээ хийдэг байна.

эх сурвалж: emch.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна