Дөрвөн жилийн оновчтой мэргэжил сонголт дөчин жилийн сайхан амьдралын баталгаа болно

2017/04/07
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аян эхэллээ.

Тус аянд Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид хамрагдах бөгөөд аяны хүрээнд сурагчдад хандаж мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ амьдралын бодит баталгаа бол мэргэжлээ зөв сонгох юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.   

Өчигдөр тус аяны нээлт болж, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 33, 48, 85-р сургуулийн төгсөх ангийн нийт 500 орчим сурагч хамрагдлаа.  
Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Гантулга,  ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, тус газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МОХ-ны дэд Ерөнхийлөгч  З.Төмөртөмөө нар оролцож мэргэжил сонголтын талаар өөрсдийн дурсамж, туршилгаасаа хуваалцахын зэрэгцээ тэдэнд хандаж дөрвөн жилийн оновчтой мэргэжил сонголт тань 40 жилийн сайхан амьдралын баталгаа юм гэдгийг захилаа.  



Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “ Юуны өмнө Монгол Улсын ирээдүйн эзэд болсон та бүхэнд цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Аливаа хүн мэргэжлээ зөв сонгоно гэдэг ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдүүд та нар ирээдүйн зорилгоо оновчтой тодорхойлж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ зөв сонгож, амьдралын босгыг итгэлтэйгээр алхаарай” хэмээн зөвлөсөн юм.

Дашрамд дурдахад 2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.

Тиймээс төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм. “Ирээдүйн эзэд” аян нийслэлийн хэмжээнд 4-р сарын 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 


                                                                                                                                                           Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна