Хаврын улиралд арьсаа арчлах цогц зөвлөгөө

2017/04/08
Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.

Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.

Тослог арьс

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх.

Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй.

Хуурай арьс

Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгvй бvх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс

Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маска хэрэглэх жишээтэй.

Ердийн арьс

Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хvн Монголын нөхцөлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна.

Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ №1

Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой.

Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

ЗӨВЛӨГӨӨ №2

Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ №3

Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

ЗӨВЛӨГӨӨ №4

Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.

ЗӨВЛӨГӨӨ №5

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 – 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог байна

ЗӨВЛӨГӨӨ №6

Ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн.

ЗӨВЛӨГӨӨ №7

Ханатлаа унтаж сайтар амрах.  Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хорогдсон арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн 22.00 үүрийн 04.00 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе.

ЗӨВЛӨГӨӨ №8

Шим тэжээлээ илүү нөхөж байх. Витамин ихтэй ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхийг нэмэгдүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨ №9

Нүүрээ  илж массаж хийх.  Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тослогийг ч нэмэгдүүлнэ.

ЗӨВЛӨГӨӨ №10

Сэтгэл санаагаа тайван байлгах. Арьсны мэдрэлийн эс тархины эзэмшилд байдаг учраас санаа сэтгэл тайван бус, айж цочих зэрэг нь арьсны цусны эргэлтэд нөлөөлж, шим тэжээл нь алдагддаг учраас царай улбайж, амархан үрчийж өтөлнө.

ЗӨВЛӨГӨӨ №11

Арьс зөөлрүүлэх тос байнга хэрэглэх. Ийм тосонд витамин A зэрэг шим тэжээл элбэг байдаг учраас байнга хэрэглэвэл арьсны цусны эргэлт түргэсгэн, царайн эсийн ялгаралд сэдэлт өгч, арьсны өнгийг сайжруулж, цаг уураас арьсанд үзүүлэх нөлөөг багасгана

ЗӨВЛӨГӨӨ №12

Үс засалт, дүр төрх, стиль имиджээ өөрчлөх шилдэг улирал нь хавар юм. Үүнтэй хамт өөрийн гоо сайхны дэглэмдээ ч бас шинэчлэлт хийгээд үзвэл ямар вэ? Өвлийн турш мөрдсөн дүрэм, хэрэглэсэн make-up-уудаа өөрчилж, дулаан цаг уурт зохицох аргачлалыг сонго.

ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГААН ТОЛГОЙ

А – Арьс:

Нарны нөлөөгөөр чиний арьсны тослогжилт хаврын улиралд нэмэгдэх болно. Тиймээс чи өмнөхөөсөө илүү гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай гэсэн үг. Чи энэ хавар хүчтэй найрлагатай цэвэрлэгч савангаас айх хэрэггүй. Учир нь дулааны улиралд агаар илүү чийгтэй байдаг учраас арьсыг чинь хуурайшуулахгүй. Хаврын салхины нэг онцлог нь шороо ихтэй байдаг. Нүх сүвэнд орсон шороот бохирдлыг хөөсөн цэвэрлэгч хамгийн сайн арилгадаг гэдгийг санаарай. Мөн үхжисэн эсийн чинь цаана нуугдаж байгаа нялх хүүхдийнх шиг зөөлөн, амьд арьсыг ил гаргаарай.

Б – Бие

Хүйтний улиралд олон давхар хувцасны хойно халхалж байсан биеэ ил гаргах цаг ойртож байна. Тиймээс өвлийн турш хуурайшсан биеэ гуужуулж, хамгийн их сайртдаг өвдөг, тохой хэсэгтээ усанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх.

Г – Гоо сайхны цүнхээ цэвэрлэ

Гоо сайхны цүнхэндээ хаврын цэвэрлэгээ хийцгээе. Эхлээд хугацаа нь дууссан хуучин гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаж хаяарай. Чанар нь муудсан бүтээгдэхүүнүүд бактери үүсгэх гол нөхцөл болдог ба арьсыг чинь үрэвсүүлэх магадлалтай. Нэг сормуусны будгийг 4 сар хэрэглэхэд хангалттай. Хэрэв чи сормуусны будагны багсыг олон дахин дүрж байж гаргадаг зуршилтай бол энэ хугацаа багасна.

Нүдний тень, контурыг дээд тал нь 3 жил хэрэглэ. Уруулын будгийг нэгээс хоёр жил, өө дарагчийг нэг жил хэрэглэ. Усан суурьтай шингэн пудрыг 12 сар, тосон суурьтайг 18 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно. Харин хуурай пудрыг дээд тал нь 2 жил түрхээрэй.

Д – Дасгалынхаа дэглэмд эргэж ор

Хаврын улирал чамд үнэгүй “фитнесс заал”-ыг бэлэглэж байна. Дулаарсан цаг агаарыг ашиглаж өглөөдөө нэг километр орчим гүйж байгаарай. Мөн гэрийнхээ гаднах хүүхдийн тоглоомын талбай дээрээс дасгалд чинь нэмэр болох хэрэгслийг олж хар. Жишээ нь гулгуураар тгтмол өгсөх нь яг л ууланд авирахтай адилаар хөлийн чинь булчинг чангалах болно. Түүнчлэн амралтын өдрөөр дугуйгаар зугаалж хөлсөө гаргаарай

И – Илүү хөнгөн найрлагатай крем сонго

Хавар болохоор чи хувцсаа нимгэлдэгийнхээ адилаар, нүүр будалтаа ч бас нимгэлэх шаардлагатай. Зузаан фаундэйшны оронд арьсны өнгөтэй чийгшүүлэгч крем буюу tinted moisturizer авч түрх. Ийм крем нь илүү хөнгөн найрлагатай ба арьсыг чинь суурь будагнаас дутахгүй чийгшүүлж, толигор болгодог. Тэд нүүрний чинь өнгийг тэнцвэржүүлж тослог, зузаан биш чийглэг, натураль төрхийг бүрдүүлнэ.

М – “Мейк Ап”-аа ч бас шинэчил

Зарим бүтээгдэхүүнүүд нарны туяанд урсах гээд байдаг талтай. Тиймээс тослог тень, будагны оронд хуурай, нунтаг бүтээгдэхүүд сонгох нь дээр юм. Мөн хаврын улиралд зарим бүсгүйчүүдийн арьсны өнгө өөрчлөгдөж, борлодог учраас крем пудрийнхээ тоныг нэгээр бууруулах шаардлагатай болж магадгүй.

Н – Нарны шил зүү

Нарны шил нь зөвхөн нүдний харааг туяанаас хамгаалах зориулалттай биш юм. Энэ нь зовхины эргэн тойрон дахь SPF хүрдэггүй эмзэг хэсгүүдийн арьсыг ч бас хамгаалах үүрэгтэй. SPF-ийн тоо өндөр байх тусмаа чамайг хамгаалах хугацаа нь уртсана гэдгийг дашрамд дурдая. Жишээ нь чиний арьс 15 минутын турш наранд байснаар түлэгдэж эхэлдэг бол SPF 15 нь 225 минут, SPF 30 нь 450 минутын турш чамайг нарнаас хамгаална.

Т – Тосон өнгөлөгч ашигла

Дулааны улиралд нунтагаас илүү тосон хацар өнгөлөгч тогтоц сайтай байдаг. Тоорон ягаан юм уу, цайвар ягаан өнгийн өнгөлөгч царайг чинь залуу цоглог харагдуулдаг гэдгийг бүү март. Тосон өнгөлөгчийг ашиглахдаа эхлээд долоовор хурууныхаа өндгөнд түрхээд, эрхий хуруугаараа бага зэрэг тарааж тосыг хайлуулж өгөөрэй. Дараа нь хацарныхаа ясан дээр дугуйруулах маягаар, дээшээ чиглэлтэйгээр түрхэнэ.

Х – Хөл

Бошинз, сандааль хоёроо өмсөхдөө итгэлтэй байхын тулд 3 сарын турш мартсан хөлөө арчилж эхлэ. Педикюрт орж, хөлнийхээ улын эвэршсэн арьсыг гуужуулаарай. Ингэхийн тулд орой унтахын өмнө нэг цайны халбага сод, юм уу давстай бүлээн усанд хөлөө 10 минут орчим дүрээд, зориулалтын үрүүрээр үрнэ. Хэт удаан тордоогүйгээс болоод зузаан эвэршил үүссэн хөлөнд гашилсан тараг юм уу, 1 ширхэг нухсан бүлээн төмс тавиад, гялгар уутаар боож хонуулагтун.

Энэ аргыг 7 хоногт 2-3 хэрэглэхэд хөлийн ул зөөлөрч хэвийн байдалдаа орно. Зуузай, ул сайтай, хэлбэрээ алдахааргүй гутал, сандааль сонгохыг зөвлөж байна. Энэ нь чиний хөлний булчинг эвдрэхээс хамгаалж, түших багана болох болно.

Ш – Шингэвтэр тос түрх

Чийгшүүлэгч тосны чинь өнгө өтгөн цагаан байх тусам тос чинь хүнд найрлагатай гэсэн үг. Дулааны улиралд ийм тос нь хацрын нүхийг бөглөж, томруулах сул талтай байдаг учраас үүний оронд үл ялиг усархаг, шингэн тос түрх. Шингэвтэр тос нь өтгөн тос шиг арьсыг гүн чийгшүүлэхгүй. Гэвч нарны туяа, чийглэг агаар арьсыг чинь хэсэг хугацааны дараа хангалттай “усжуулах” учраас санаа зоволтгүй.

Эх сурвалж:wordpress.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна