Монголчууд бидний муу тал юу гээч!

2017/04/08
Нийтлэлч Гомбосүрэнгийн Галбадрах бичиж байна

...Хөгширч зөнөж, шүд нь юу ч даахаа больсон нохой, булуу цуглуулан хурааж өөрөө ч булуугаа хазаж даахгүй хэрнээ өрөөл бусдад ч өгөлгүй харамлан, ойртож ирсэн ноход руу архиран занахыг хараад "Даахгүй нохой булуу хураана" хэмээн зүйрлэж ярьдаг сан.

Хүмүүс нь ажил хийж хөдөлмөрлөхгүй хэрнээ ямар нэгэн аз таарч гэнэт баяжихыг мөрөөддөг, найр наадам зугаа цэнгэл бүрийг өр тавиад ч болов алгасахгүй тэмдэглэдэг, өөрөө хуруугаа ч хөдөлгөхгүй хэрнээ өрөөл бусдын үйлдэл болгоныг амаа хөдөлгөн шүүмжилж цэцэрхдэг, өөрийн амьдралын болж бүтэхгүй байгаа муу үйлдэл бүхний бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас бас Төрөөс эрж хайдаг муу зуршлуудтай монголчууд бид "Эдийн засгийн хямрал" бус "Сэтгэлгээний хямрал"-д автжээ.

"Даахгүй нохой булуу хураадаг" шиг тогтолцоо сэтгэхүйтэй өнөөгийн Монголын Төрийн үйлдлийг өөрийнхөө сэтгэхүй, амьдралын хандлагатайгаа жишиж үзэн эрүүлээр сэтгэвэл өөрчлөх учиртай маш олон зүйлсүүд бидэнд байнаа. Гэхдээ өөрөөсөө эхэлж шүү дээ.

 *Нэгэн зүйл: Нийгмийн маш том өөрчлөлт болох "Ардчилсан хувьсгал"-ыг үүсгэгч олон партизанууд өнөөг хүртэл ардчиллыг" өмчилж", өөрсдийн гавьяагаа дөвийлгөн дурсаж эрх мэдэл, албан тушаалын  боломжуудаас буухгүй, буухыг ч хүсэхгүй байна.

Тэд өөрсдийн хамгийн том алдаа болох МАХН-ыг татан буулгаж, цоо шинээр олон намуудын тогтолцоог эрүүл саруулаар үүсгэж чадаагүйн буруугаа ойлгохгүй, хүлээхгүй, хуучин болоод шинэ системийн холимог дээр өнөө хүртэл зууралдсаар. Бүхэл бүтэн 27 жилийн хугацаанд өөрсдөө хоцрогдож, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад гологдож буйгаа ч зөвшөөрөхгүй, цоо шинээр хөгжиж сэтгэж буй залууст байр сууриа ч тавьж өгсөнгүй.

Тэд эрх мэдэл бол улс болоод нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэдгийг өнөө хүртэл ойлголгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд "дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж" болох боломж гэж харж байгаад л гай нь байгаа юм. "Даахгүй нохой булуу хураана" гэдэг нь энэ.

 *Нэгэн зүйл:  Эрх мэдэл дээр дулдуйдсан албан тушаалын бялууг мэдлэг чадвар, зөв сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, хариуцлага хүлээх ухамсар зэргийг үл харгалзан өөрсдийн төрөл садан, үгсэн хуйвалдагчид, аялдан дагалдагч анд нөхөддөө хүртээх болсон нь эрх мэдлийн моринд дөрөөлсөн толгойгүй хүмүүсийг бий болгон Төрийн албыг хүчгүйдүүлж байна.

Өөрийг нь албан тушаалд томилсон эрхмүүдийн дуулгавартай зарцууд олноороо бий болж байгаа нь улстөрийн албан тушаалуудыг бизнес болгон хувиргах муу үйлдлүүдийн угшил нь юм. Мэдлэг чадваргүй, мунхаг зөрүүд, хийх ажил хариуцлагаа мэддэггүй, зөвхөн өөрийн эзний шийдвэрийг буруу ч бай, зөв ч бай үг дуугүй дагалдагсад сум, аймгууд, хороо дүүргүүдийн удирдлагад олноор шургалж байгаа нь Төрд итгэх олон нийтийн итгэлийг үгүй болгож байна даа.

Чамаас арчаагүй тэнэг нь чамайг удирдан шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч, гаднаа зусардаж дотроо дургүйцэн нүднээс далдуур "муу ярьж" таашаал авч байгаа нь бидний дорой төрх. "Даахгүй нохой булуу хураана" гэдэг нь энэ.

 *Нэгэн зүйл: Улс төрд олон жил оршиж, сайн муу, сайхан муухай олон боломжуудад суралцсан "партизан" -ууд улс орны эрх ашгийг огоорон өчүүхэн шуналдаа хөтлөгдөн олон нийтээрээ хүртэх учиртай нийгмийн баялгуудыг нам харгалзахгүйгээр, "ашиг сонирхол"-доо нэгдэн хулгайлцгаах боллоо.

10 хувийн алдарт жишгээр тэд, шийдвэр гаргах эрх мэдлээ ашиглан олон улсын гэрээ хэлэлцээр, гадаадын хөрөнгө оруулалт, тендэр шалгаруулалт, Төрийн хяналт нэрээр маш их мөнгийг хулгайлан Олон Улсын оффшор дансанд байрлуулцгаажээ. Оффшор дансыг ашиглах нь гэмт хэрэг биш боловч, оффшорт байрлуулсан мөнгөний эх үүсвэрээ тайлбарлан нотлох нь тэдний үүрэг.

Шударга хөдөлмөрөөр бус олон нийтээс хулгайлж завшсан мөнгөнүүдийг хураалгаж шүүхийн өмнө ял шийтгэл хүлээх учиртай, тэд. Өөртөө ч хэрэглэж чаддаггүй, өрөөл бусдад буцаагаад өгч ч түвдэхгүй энэ их мөнгө "Даахгүй нохой булуу хураах"-ын жишээ. Ийм маягаар Монголдоо эргүүлж авч чадалгүй бусдын хоол болгосон мөнгө хичнээн их байгааг бид мэдэхгүй. Гэхдээ л энэ их мөнгө 3хан сая хүнтэй монголчуудын баялаг, иргэдээ хөгжүүлж гэгээрүүлэх боломж байсан гэдгийг мартаж боломгүй.

 *Нэгэн зүйл: Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл хэмээн тунхагладаг боловч Шүүх засаглал, Прокурор, Авилгалтай Тэмцэх газар зэрэг байгууллагуудын удирдлагыг томилдог эрх мэдэл нь түүнд байгаа болохоор тэрээр энэ эрх мэдлээ "нохойд барьдаг мод" мэтээр ашиглах боломжтой болжээ.

Хэн нэгнийг айлган сүрдүүлэх, өөрийгөө хяналтаас гадуур хамгаалах, хуулийн хяналтыг өөртөө ашигтай байдлаар эргүүлэх, олон нийтийн тэмцлийг нухчин дарах боломжууд Ерөнхийлөгчид бий болсон нь нийгмийг айдаст автуулан түүнд зусардагчид аялдан дагалдагчдыг олноор бий болгож байна. "Айхгүй ч гэсэн аягүй" сэтгэлгээгээр хүмүүс Ерөнхийлөгчид зусардан магтахаас өөр аргагүй болгож байна.

"Үндсэн хууль"-ийн өөрчлөлтөөр эрх мэдлийн тэнцвэрийг дахин хуваарилж, Шүүх, АТГ-ыг ард олноор сонгодог, муу ажиллавал хариуцлага тооцдог болгох шаардлага бий болжээ. Тэнэг хүнд ийм их эрх мэдлийг төвлөрүүлэх нь олон нийтийг айдаст автуулан "Даахгүй нохой булуу хураах" жишээг санагдуулна.

 * Нэгэн зүйл: Ард олон бид Монголын нийгмийн буруу тогтолцоог эсэргүүцэн тэмцэж эхэлж байгаа нь сайн хэрэг. Монголчууд бид буруу муу үйлдэл яг өөрийнх нь амьдралд муугаар нөлөөлөөд  эхлэхээр л дургүйцэн зэвүүцэж, эсэргүүцэн тэмцэж эхэлдэг. Аймхай хулчгар араншин нь, өөрийнх нь хүсэл биелэхээр олон нийтээс урваж одоход хүргэдэг.

Эрх мэдэлтнүүд бослогын удирдагчдыг өргөөндөө хүлээн авч түүний өчүүхэн хүсэл шуналыг гүйцэлдүүлэхэд л тэд зорьсноосоо ухарч орхидог муу гэмтэй. Тиймдээ ч бид өнөөдөр ийм сул дорой байдалд хүрсэн юм шүү дээ.

Маш олон жагсаал цуглаанууд амжилтад хүрээгүйн шалтгаан нь энэ. Миний сэтгэлдээ дэмжиж, "Хүний хөгжил л Монголын хөгжлийн суурь нь болноо" хэмээн бодлогоо тодорхойлон ухуулж байсан "ХҮН" намыг  Ганбаатар хэмээх улстөрч орж ирээд "самарч" орхихыг харах хайран байлаа. АТОЗ-ын "Оффшорын эсрэг" хөдөлгөөн цуглааныг дэмжиж байгаа ч болгоомжлон анхааралтай ажиглаж буй шалтгаан минь энэ.

"Үндэсний баатар" хэмээн дөвийлгэгдэж байвч өөрсдийн өчүүхэн мөн чанараа гутамшигтайгаар таниулсан нэг биш улстөрчид энд оролцож байгаа нь болгоомжлолын бас нэгэн шалтгаан. Тэд бусадтай адил үгээ хэлэх эрхтэй ч, зохион байгуулалт болон удирдлагад нь оролцоод эхлэх юм бол "Даахгүй нохой булуу хураах" үлгэрээр орох буйз. Ард олны эрх ашгийг өчүүхэн хонзон авах хэрэгслэл болговол хайран.

 *Нэгэн зүйл: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын энэ удаагийн чуулганы нээлт дээр "Монголд эдийн засгийн хямрал биш, Хариуцлагын хямрал нүүрэлсэн" гэж хэлнэ билээ. Сайхан ярьдаг хүн. Эрх мэдэл өндөр албан тушаал хүнийг хөгжүүлдэг. Тэд хийх үүрэгтэй ажлаа хийхээр л бид "баатар" болгон орилцгооно. Эрх мэдэлтэй хүмүүст хийх үүрэгтэй ажил болон хариуцлага гэж бий, биднээс ялгаатай нь.

Хүнийг сайхан уриалж, мундаг хэлж ярьж байгааг нь бус, хийж бүтээж байгаагаар нь л дүгнэж үнэлэх учиртай юм шүү дээ. "Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй" хэмээн өвөг дээдэс сургажээ. Хариуцлага гэдэг нь хилэнцээ өөрөө л үүрч даах чадвар юм шүү дээ. Хэн нэгний сайхан ярьж байгаад бус, хийж бүтээж байгаа бодит үр дүнд л анхаарлаа хандуулах цаг болсон.

Түүнтэй адил хулгай луйвар хийсэн хүмүүсийг шүүн ял оногдуулахаас гадна хууль бусаар олсон бүх л хөрөнгийг нь хурааж улстөрийн хувьд "үхдэл", нийгэмд бол "хэн ч биш" болгож байх учиртай. "Даахгүй нохой булуу хураасан"-ыхаа шанг чанга хүртэг л дээ. Монгол хүн болгон өөрийн чадах зүйлээ хийж, хийж чадахгүй зүйлээсээ татгалзаж байх учиртай. Би чи хийж чадахгүй ч биднээс өөр хийж чадах хүмүүс зөндөө бий, тэдэнд боломж болгож байя.

 ...Энэ нийтлэлийг уншаад зэвүүцэн шүүмжлэх гэж байгааг тань ойлгож байнаа. Зог тус! Надад танаас асуух зүйл байна. Та өөрөө юу хийж чадаж байгаа юм бэ? Та бүх зүйлийг өөрийн саруул ухаанаар эргэцүүлээд дэмжих зүйлээ дэмжиж чадаж байгаа юу? Та бусдыг хараан шүүмжлэх эрхээсээ гадна бусдын ийм эрхийг ойлгон хүндэлж чадаж байгаа юу?

Та өөрийн итгэл үнэмшил, санаа бодолдоо бусдыг албадахгүйгээр өөрийн хийж чадах зүйлээ хийж чадаж байгаа юу? Та өөрийн зөв гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? Бид ийм асуудлуудад цогцоор нь бус хэсэг бусгаар нь хандаад байгаад тарамдах байхаа. Европ эмнэлэг хүний эрхтэн болгоныг тусад нь салгаж эмчилдэг бол,

Монголын уламжлалт эмнэлэг хүний өвчин юунаас үүссэн хийгээд сэтгэлээс нь эхлээд бүх бие махбодийг цогцооор нь эмчилдэг арга лугаа адил. Нэг эрхтэнийг эмчлэхэд нөгөөд нь муугаар нөлөөлдөг бус, өвчний үүссэн шалтгааныг олж нөгөө эрхтэнд нь сайнаар нөлөөлөх эмчилгээг сонговол юутай сайн.

Монголчууд бидний муу тал юу гээч! Өөртөө л ашиггүй бол, өөрт нь хамаагүй санагдвал бусдын зөв санаачлагыг дэмждэггүй. Өөрт нь муугаар нөлөөлөөд эхэлбэл бусдыг буруутган харааж зүхэж эхэлдэг. Алив хөдөлгөөн үйлдэл бүхнийг ам дамжсан яриа, хов цуурхлаар үндэслэн дэмждэг. Тэгээд л туйлширна. Бид аливаа асуудалд статисикт тулгуурласан бодит тооцоо, үйлдэлд тулгуурласан бодит баримтууд дээр түшиглэн хандаж байх цаг болжээ.

Энэ хөдөлгөөн ялбал өвөр дүүрэн мөнгөтэй болж "амар сайхандаа жаргах" юм шиг л сэтгэдэг. Алив зүйл бүхэн өөрийн цаг хугацаатай. Их л тэсвэр тэвчээр, тууштай зүтгэл шаарддаг. Аз жаргал гэдгийг зовлон шаналалгүйгээр авч болдоггүй юм даа. Уг нь тэр нохой өөрөө даахгүй булуугаа өрөөл  бусадтай хуваалцдаг бол?
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна