Саяхан даа, шинэ юм сэтгэхээ байсан манай телевизийн суваг гадны нэг нэвтрүүлгийн монгол хуулбар бүтээв. Хөтлөгч охин нь юм болгонд л “Mongolian next top model” моодел, моодоел, мүүдэл гээд байсан даа.
“Дараагийн шилдэг загвар өмсөгч” гэж энгийн даруухнаар уг нь нэрлэчихэж болмоор байсан ч гадны юм бүхэн хачин сайхан хэмээн улайрах болсон бидэнд зориулж албаар тэгж хэл зажилаад байсан биз. Тэр нэвтрүүлэг ч яахав болдогоороо болоод биднийг хэдэн цаг зурагтын нүүрэнд “уясан” билээ. Тэгвэл огт өөр “next top”-уудын тухай ярих, хачирхмаар хувьсан өөрчлөгдөж, богино хугацаанд мутаци болсон нэн шинэ МУТАНТ-уудынхаа тухай ярих цаг болжээ.
Генетикийн шинжлэх ухааны талаар би бараг мэдэхгүй. Ердийн түвшинд бол хромосомын дараалал өөрчлөгдөж, генийн мутаци явагддаг гэж ойлгодог. Байгалийн болоод тодорхой шалтгаанаар үүссэн хувьслын үйл явцад л мутаци үүсч шинэ төрөлтнүүд бий болдог. Харин кино урлагт хүний мутацийг аль ХХ зууны дунд үеэс л үзүүлж эхэлсэн. Гэхдээ уран сайхан бол уран сайхан гэдгийг мартаж болохгүй л дээ.
Өнөөдөр муусайн хүүхдүүдийн минь тархи толгойд өнөө нохой зээг Логанаас эхлээд нисдэг нисдэггүй, хувирдаг, хувирдаггүй МУТАНТУУД дүүрэн байна. Бидний цаг үе магадгүй илэрхий хүний хувьслын мутаци хүчтэй явагдаж буйг ч үгүйсгэх аргагүй юм. Нов ногоон ХАЛК, ХҮН ААЛЗ, МУУРАН ХҮҮХЭН, ГАЙХАШИГТ ДӨРӨВ, Х МЭН гээд нэрлээд байвал цөөнгүй супер хүчтэй кино МУТАНТ ДҮРҮҮД байна.
Саяхан нэг хүү төрсөн өдрөөрөө нэхсээр байгаад аав ээжээрээ ХҮН ААЛЗ-ын хувцас авахуулжээ. Хоолоо бэлдээд зогсож байсан ээжийнхээ дэргэд хүрч ирээд” –ээжээ хүн аалз нисдэг, тийм ээ” гэжээ. Ээж нь ч анзааралгүй” тийм ээ, миний хүү”гэсэн гэдэг. Хүү харин найман давхарын тагтаар үсрээд нисчих нь тэр. Эмээгийн хэлдгээр “БУРХАН ГОНЧИГСҮМ”.
Кино урлаг гэдэг буруу талдаа ийм эд. Гэтэл бидэнд үндэстний хувьд оюун санааны ямар ч ХЯНАЛТ алга. Энэ тухай бишгүй ярьжээ. Заримдаа амьтны ад болох болов. Уран зохиолд ч гэсэндээ ТҮҮХЭН дүрүүдийн ШИНЭ МУТАЦИ бүтээх болов. Хийгээгүйг нь хийсэн болгож, хэлээгүйг нь хэлсэн болгож, алдаж оноогүй АРИУХАН амьтдын шинэ мутаци дүрүүдээр түүхэн уран зохиол пиг дүүрэв.
МАРВЕЛ комикс цувралын X factor, X men, New Mutant, X power зэрэг мутантуудыг мэдэхгүй хүн манай Алтайн цаадах говь байтугай, Африкийн элсэн цөлд ч байхгүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Шилжилтйн нас хүртлээ дорой буурай байсан тэдгээр БААТРУУД нэг л өдөр ер бусын нууцлаг хүчтэй болохоо мэддэг. Тэгээд л баатарлаг гавьяаг “үйлдвэрлэж” эхэлнэ.
Дэлхийг аварна. Хөөрхий хүчин мөхөс хүмүүс тэдний хайр ивээлд багтана. Үйл явдал нь ердөө л энэ. Хачин нэг загварын кинонуудыг үзэгчид хошууран үзээд байдаг нь уран зохиолын бүтээлийг утга санаагүй, зохиомж, сэтгэлгээний бичвэр сүлжилдээнгүй, үйл явдал хөөсөн төдий “сул” бичих тусам уншигч олонтой байдагтай бараг утга нэг гэж ойлгож болно.
Энэ үзэгдэл зөвхөн кино урлагт ч бус нийгэм улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухааны салбарт ч цаг зуурын ашиг хонжоо хайж юугаа ч худалдахад бэлэн Марвелийн цуврал шиг мутаци дүрүүд бий болов.
Хүүхэд багын зарим явдал санаанаас гардаггүй юм. Гэрт аавын танил эр ирж билээ. Эртнээс шүтсэн эмээгийн бурхан тахилыг хараад шүдээ зуунгаар “чи чинь бурхан шүтээн тахидаг, намын гишүүн байх нь ээ” хэмээн хэлэв.
Аав, ээж ялиимгүй сандарч “хөгшчүүлийн юм” гэж хэлж байсныг тодхон санана. Хожим тэр ах байнга Гандан хавиар эргэлдэж, чулуу татдаг үзмэрч болсон байж билээ. Социализмын үеийн МУТАНТУУД-ыг би гадарлана. Намын дүрэм журам, үзэл суртал ярьж, өв уламжлал, бурхан шүтээн, өвгөд дээдэс, түүх заншлыг хүртэл үгүйсгэдэг байлаа.
Нэг нөхөр Орос мэргэлжилтний хүүтэй зодлдсоны учир нэг муу найзыг минь”колони” гэдэг тусгай сургуульд явуулна гэж өөрөө матаас бичээд, сургуулийн захирлын үүдэнд зогсож байсныг би мэднэ. Хүүхдүүд хоорондоо аль сайндаж, муудахыг хэлэх билээ. Гол нь ах дүү Зөвлөлтийн хүүхдэд гар хүрлээ гэдэг том шалтгаанаар найзыг минь цааш нь “явуулчихаа” шахсансан.
Манжуудаас бидэнд “өвлүүлсэн” хэдэн сайхан мутаци бий л дээ. Эрх мэдэлд үхэн хатан дурлах, хов жив хөөцөлдөх, дээшээ доошоо дэлгэмэл цаас шидэх, бие биенийгээ сайн дураараа тагнаж турших, хээл хахуульд хэнээтэн дурлах гээд дурдаад байж болно. Чухам тэр үед манай МУТАНТУУД чулуун жинс малгай дээрээ хатгах гэж яаж үхэлдэж байсныг нь түүх гэрчилнэ.
Ер нь ингэхэд Манжуудаас бидэнд юу үлдэв. Уралдаж ирсэн морины зунгаг долоох эсвэл барилдаж давсан бөхийн хөлс долоох эсвэл Манж түшмэлийн бөгс долоох эсвэл Монголоо худалдаад өөрийгөө долоох гэсэн олон “самуун” явдал дэлгэрсэн биз дээ. Энэ цагт тэр бүхэн гайхамшигтайгаар удамших юм гэж хэн санах билээ.
Магадгүй тэр үеэс л МУТАНТУУД бий болжээ.
Тэдний үр хүүхдүүд харин социализмын үеийн шинэ МУТАНТУУД байсан бол бидний үед одоо НЭН ШИНЭ МУТАНТУУДЫГ үүсгэжээ. Ер бусын хурдтайгаар генийн болоод оюун санааны мутаци явагдаж байна. НЭН ШИНЭ МУТАНТ-уудын нийтлэг хэв шинж хэдхэн зүйлээр илэрдэг. Өөрийн чадал, хэр боломжоо үл харгалзан мэдсээр байж эрх мэдлийн төлөө улайран дайрна.
Ил цагаан дайрна. Ашиг хонжоо олж байвал хэнтэй ч хамаагүй нөхцөж, юу ч хамаагүй хийхэд бэлэн байна. Байр суурьтай хүний дэргэдээс байр сууринд очихыг санаархана. Ил цагаан санаархана. Манай найзын ярьснаар хотод өссөн нэг танил маань дөрвөн газрын нутгийн зөвлөлийн гишүүн юм гэнэлээ. Тэгээд л нутгийн ах, энэ тэр гээд гүйж, ялсан намын бялуунаас хувь хүртэж яамны түшмэл болоод дэргэдээ цүнх барих “дамжаанд” шинэ МУТАНТ-уудаа сургаж байгаа.
Энэ нэн шинэ МУТАНТ-ууд юунаас ч үл айна. Юуг ч үл ухаарна. Үйлийн үрийн тухай мэдэхгүй ч цүнх барих, хонх дарах хоёрт хар залуугаасаа мэргэжсэн байна. Тэдний байдал зусар царай, бузар санаагаар нь илэрнэ. Эхнэр хүүхдээ орхиод нэг МУТАНТ улс төрийн сонгуулиар амжилт олохын тулд хөрөнгөтэй хүүхэн бараадсан түүх миний дэргэд болсон юмдаг.
Энэрэл гэдэг үг тэдний хувьд хог шороо. Мутантуудын нэг гол шинж ЁС СУРТАХУУНЫ үнэр ч үгүй байх. Хүний ёс жудаг, хүний мөн чанарыг бүрэн утгаар нь үгүйсгэнэ. Мэдрэмжтэй хүн бол дэргэд нь зогсоход сэрүү татна. Амнаас нь мөнгө, мөнгө, хуваах, ашиг, худалдах, зарах, тендер, цавчаа, унац гэсэн монгол хэлний үгийн сангийн цөөхөн хэдэн үг л унана. Хүнтэй ашиг харж л нөхөрлөнө. Хэрэгтэй бол нуруундаа нугастай юм шиг нахилзан дагана. Хэргээ гүйцээгээд усанд хаясан чулуу мэт алга болно.
Хэрэв та бүхний дэргэд хэн нэгэн МУТАНТ байвал түүнээс хамгийн түрүүнд “дэгжин ганган байдал, цовоо цолгиун араншин” ихээр илэрнэ. Тэд ихэвчлэн “гаднаа гяланцаг” байх нь түгээмэл. Тэдэнд хайр сэтгэлийн тухай ярих бараг илүүц. Хайр хүндлэлийн тухай яриад ч нэмэргүй. Дүр байдал бол үнэхээр гайхамшигтай. Цөмийн физикийн салбарт Нобелийн шагнал авсан эрдэмтэн шиг л харагдана. Уураг тархиных нь хэмжээ харин улсын олимпиадад түрүүлсэн тавдугаар ангийн хүүхдэд ч эс хүрнэ.
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй Монголын дараагийн шилдэг МУТАНТ-ууд хачин ямаан зантай байна. Юм бүхэнд оролцоно. Өөр дээрээ бүгдийг тусгаж ойлгоно. Тэгээд л хэрүүл хийх газар хайж нийтийн сүлжээгээр хэсүүчилнэ. Хэрэгтэй, хэрэггүй баахан “сайхан” зүйл ярих ч хэрэг дээрээ жаахан үнэмшилгүй санагдана. Эх орноо нэг их хайрлах тухай, жагсаал цуглаанд уриалаад гадаадаас бусдыг хараагаад өөрөө муур шиг хумсаа мэрээд сууна.
Яривал их зүйл байна. МУТАНТ-ууд бусдыг элдэв сайн муу зүйлд дуудах хэрнээ өөрсдөө арга залиар ард нь суугаад үлдчихсэн байдаг. Хэдэн жилийн өмнө наадмын сарын нэгэнд бослого гаргачихаад МУТАНТ-ууд хэрхэн чимээгүй “ард нь үлдсэн”-ийг санацгаая. Тэд оюун санааны хувьд өсч дэвшихийг тоохгүй. Харин ч санаа бодлоо хэлэхээр уурлаж эгдүүцэх нь энүүхэнд. Нэг залуу данхтай цайны даруулга болгож эмээ нарын ярьдаг хов шиг зохиол биччихээд зохиолоо сайжруул гэсний төлөө одоо энд тэнд боломж гарвал намайг муулж явдаг болсон юм. МУТАНТ-ууд их өсөрхөг байдаг. Тэдэнд уужим тэнүүн монгол язгуур байхгүй.
Монголын дараагийн шинэ МУТАНТ-ууд дур зоргоороо аашлаж, аяглаж байна. Хүнээс үл гарах элдэв ЭСРЭГ ХҮЧ үзүүлж байна. Хүний ёсноос гадуур явж, шуналын дон туссан байна. Бирд мэт царайгаа харуулж, тамын газар АТМ нээхээр “тал бүрээр” оролдож байна. Х гений удамшил, эд баялагийн шуналын мутацаас гадна хүн хорлолын МУТАНТ-ууд ч авьяасыг бус алдарыг титэм болгоод ямар ч аргаар хамаагүй урлаг соёлын үүд хаалган дээр хөндөлдөж, будаагаа гөвсөн шуудай шиг болсноо мэдэхгүй ярвайлдахыг харна.
Дараагийн шилдэг МУТАНТ-уудыг өмнөх шилдэг МУТАНТ-ууд нь өсгөж, үржүүлж, жоом шиг хаа сайгүй гүйлдэж эхэлснийг хараад зүрх баахан шанална. Тархи баахан энэлнэ. Тэд бол хачиртаа тэсэх эсэхийг минь шалгах гэж бидэнд ирүүлсэн ҮЙЛИЙН ҮР. МОНГОЛЫН ДАРААГИЙН ШИЛДЭГ МУТАНТУУД.
2017-04-07
Пүрэвхүүгийн Батхуяг
Сэтгэгдэл бичигдээгүй байна