“G-Time”-ийн гишүүд үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж байгаагаар 12 мянга гаруй гишүүд хохироод байна. 2016 онд албан ёсны гэрчилгээ авч, татвараа төлж явсан компанийг төр хүчээр зогсоосноос болж олон иргэд хохироод байгаа талаар мэдээлж байна.
Тодруулбал, "Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байсан G-TIME корпорациас бараа худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн олон мянган хүн эдийн засаг, санхүүгийн хараат байдалд орж, сэтгэл санааны асар их дарамтад байгаа гэнэ.
Хөрөнгө оруулагч Ж.Марат тэргүүтэй хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч энэ бизнест хөрөнгө оруулаад хохирсон иргэдийн нэг нь ч хохирлоо барагдуулаагүй байна.
Энэхүү шууд худалдааны бизнесийг эрхлэхээр ах дүүгээсээ зээл авч, эхнэр нөхрөө татан оролцуулсан олон мянган хүний амьдрал хүнд байдалд орлоо.
1. Ах дүү төрөл садан хүмүүс нэгэндээ дайсагнаж, зодоон хийж байна
2. Гэр бүлийн харилцаанд асуудал гарч зарим гэр бүл салж байна
3. Өдрийн хүүтэй мөнгө зээлсэн хүмүүсийн өр цаг минутаар өсч, зарим нь амиа хорлох оролдлого ч гарлаа
4. Нийгмийн бүх шатанд энэ үзэгдэл газар авч ахуйн хүрээний гэмт хэрэг гарах нь ихэслээ
5.Компанийн маркетингийн зарчмаар шударгаар ажиллаж байсан хүмүүсийн мөнгийг дундаас нь луйварддаг бүлэг хүмүүсийн уршгаар энэ бизнес зогсоход хүрсэн гэж үзэж байна.
6.Бидний дунд 30-192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг ч төгрөг буцааж авч чадаагүй хүн бий.
7. Үндсэн зарчмаараа ажиллаад 8000 ам.долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүний хохироогоогүй ажиллаж байсан багууд бий.
Нийгэмд үүссэн дээрх хурцадмал байдлаас үүдэлтэй сөрөг үр дагавар, түүний хариуцлагыг Монголын төр хариуцах уу гэх асуулт гарч ирж байна. Өнөөдрийн нийгэмд хэн ч баталгаагүй зүйлд мөнгөө оруулахгүй. Энд хохирсон хүмүүс G-TIME корпорацийг баталгаатай эсэхийг тодруулж байж нэг хүн хамгийн багадаа 135.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Баталгаатай гэж итгэххэд хэдэн үндэслэл бий.
Үүнд:
-Үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрлийг Монголын төр өгсөн /2016 оны 11 сарын 11-нд авсан үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан байдаг/
-Өнгөрсөн хугацаанд тус компани 1 тэрбум 250 сая төгрөгийг татвар төлсөн / татвар нь улсын төсөвт орсон/
-2016 оны 11-р сарын 18-ний байдлаар 1 тэрбум 398 сая төгрөгийн татвар төлөхөөр болоод байсан зэргээр дурдаж болно.
Хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж дуусахыг хүлээхэд хүнд, байдал хурцадмал болсон тул хохирогчид нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө тэмцэхээ илэрхийлж байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна