Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам дагуу орц гарц, явган хүний замыг чөлөөлнө

2017/04/14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид 4 дүгээр сард байгтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагаын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна.” гэлээ.



Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.
Эдгээр байршлаас хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Лениний музейн баруун талд байрлах орон сууцны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил, тус дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж байгаа гражийг буулгах ажил, Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах ажил, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах ажилтай танилцлаа.  

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. Эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах юм.” хэмээн ярилаа.

Туслах замын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, төв замынхаа түгжрэлийг бууруулдаг туршлага олон улсад бий. Манай улсын нийслэлд туслах замууд байдаг ч зарим аж ахуйн нэгж, иргэд нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгаснаас түгжрэл үүсдэг. Тиймээс иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг нээнэ гэдгийг хотын дарга онцоллоо.  Зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс саадыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг  зориулалтаар нь ашиглаж, авто зам, явган хүний нэвтрэх урсгалуудыг нэмнэ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна