Гадаа тоглож​ буй хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэслээ

2017/04/15
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүд гэрийнхээ ойр орчимд болон гадна талбайд тоглож, чөлөөт цагаа өнгөрөөх нь ихэсчээ. Энэ нь хүүхдийг зам тээврийн осолд өртөж, гэмтэх гол шалтгаан болж байгаа юм. 

Зам тээврийн ослын дуудлага мэдээллээр энэ оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 172 хүүхэд осолд өртжээ. Ослын улмаас 13 хүүхдийн амь эрсдэж, 34 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтсэн байна.

Дээрх үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад нас баралт 62,5 хувиар өссөн, хүнд болон хүндэвтэр гэмтсэн хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

Үүний гол шалтгаан нь бага насны хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой аж.

Мөн жолооч нар хороолол доторх хөдөлгөөнд 20км/ц хурдтай явах ёстой байдаг. Гэтэл ихэвчлэн анхаарал болгоомжгүй, 30-40 км/ц хурдтай явснаас шалтгаалж энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна гэж албаныхан үзэж байна. 

Түүнчлэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд зорчуулахдаа аюулгүй тээвэрлэлтийн горимыг зөрчдөг. Зориулалтын хамгаалалтын суудалд суулгаагүй, бүс зүүлгээгүйн улмаас огцом тоормос гишгэх зэрэг гэнэтийн ослын үед хүүхэд урд шилээ мөргөх ямар нэгэн хэлбэрээр гэмтэж бэртэх ослын дуудлага буурдаггүй аж. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, автозамын ойр хэсэгт тоглуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна