​Худал хуурмаг ихтэй миний ижил хүйстэн амьдрал

23 цаг 30 минутын өмнө
/Нийгмийн цөөнх, ижил хүйстэнүүдийн өчил/

Миний амьдрал худал хуурмагаар дүүрэн ч юм шиг хэцүүхэн өдрүүд үргэлжилж байна. 30 настай ганц бие залууг олон янзаар шалгаах юм хүмүүс. Хүнтэй суугаач нас чинь оройтлоо, хүүхэд оройтлоо гээд. Гэхдээ санаснаар болдог бол гетеросекс байсан бол хэзээний хүнтэй сууж хүүхэд гаргачих л байсан байх. Ижил хүйстэн гэдгээ бусдаас нууж амьдрах их хэцүү юм. Гэрийнхэнийхээ амыг арай гэж дарсан. Байрны зээл төлөөд өөрт үлдэх юмгүй байхад юун болзоонд явах хэн намайг тоодгийн болзооны мөнгө ч гаргах хэцүү байна гэж худлаа хэлж хэсэгтээ хааж байна.

Харин найзууд их хэцүү янз бүрээр л үзэх юм. Сүүлдээ ч ихэнх найз нараасаа холбоогоо тасалж байна даа. Арван жилийн найзууд, их сургуульд сурч байсан найзуудаас бүгдээс нь холбоо тасалсан. Учир нь хүнтэй суухгүй байгааг минь гайхаж байцаасан хүмүүс байх юм. Амаргүй л байна шдээ надад байнга байцаалгах. Зарим нэгт нь арай гэж хэлсэн. Анхандаа ойлгохгүй хэцүү байсан. Одоо ч мэдэж байж нэг хүүхэн байна танилцчих л гэх юм. Яалтай билээ уурлаад байлтай биш. Зарим нэг нь согтуудаа гомогоор нь дуудаж доромжлох янзтай болохоор бас л зайгаа барьж уулзахаа болиод байгаа. Ажлын газрынхан бас л хэцүү шүү. Уг нь найз хүүхэнтэй гэж хэлсэн байсан.

Нэг удаа согтсон хойно утсыг минь ухаж хайр гэсэн дугаар хайгаад олсонгүй ээ ядаж найз хүүхэнгүй юм уу гээд эвгүй байдалд байна. Тэгээд л янз бүрийн худал шалтаг хэлнэ. Намайг мэдэхгүй найзуудтай нийлж хүүхэн ярьсан хүн боллоо. Үнэндээ энэ бүх худал хуурмагаас залхаж байна. Бас их ганцаардаж байна. Бүгдийг нь орхиод яваад өгмөөр байна. Ойрын хугацаанд гадагшаа явах төлөвлөгөөтэй боллоо. Цаашид өөрийгөө ч бусдыг ч хуурсан хоёрдмол амьдралыг нэг тийш нь болгож явахаар шийдсэн. Өмнө нь гадаадад байсан ч Монгол залуус маань л илүү дээр санагддаг байж.

Харин Монголд байх сүүлийн хэдэн жил нэг л таарч тохирох хүн олдохгүй шинжтэй. Уг нь гадагшаа явмааргүй эндээ сайхан амьдармаар л байх юм. Магадгүй би арай бага хайсан юм болов уу? Хайсан ч гэж дээ сүүлийн 3 жилд 3-4 хүнтэй л уулзсан. Сүүлчийн хүнтэй нь хэсэг хугацаанд хамт байсан ч их л сэтгэлийн шархтай үлдэж салсан. Дахиж тийм шаналалыг мэдрэхийг хүсээгүй дээ өөр хүн хайгаагүй ч байж магад. Сэтгэл хөдлөл, нууц хүслээ дарж урагш харж ажилсаар нас минь нэлээд явчиж залуу байсан бол илүү л их боломж байх байсан ч юм билүү.

Ижил хүйстнээ зарлаад явлаа гэхэд надад ашигтай юм байхгүй бололтой. Мэдсэн нэг нь доромжлох аястай. Бас ижил хүйстнүүд уулздаг газарт нь ч очоод байж чаддаггүй юм. Би ижил хүйстэн ч гэсэн зарим нэг эмэгтэйлэг зантай залуусыг харахаар уур хүрээд байдаг. Ижил хүйстнүүдээс ч хүртэл зайгаа барьсаар. Хамгийн сайн найз гэр бүлийнхэнээсээ нууж гадагшаа л явья даа. Тэднийхээ өмнө сайн залуу хэвээр үлдье дээ. Ядаж айж ичих зүйлгүй байж чадах, хэн дуртай нь гомо гэж чичлэж доромжлохгүй тийм оронд очиж амьдарсан минь дээр бололтой. Уг нь сайхан мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулмаар байгаа ч өөрийгөө хоер хувааж айж ичиж энэ байдлаар явмааргүй байна.

Эцэст нь хүсэх юм бол ухаант Монголчууд минь хэт туйлширч цөөхөн Монголд гомо нар хэрэггүй гэж битгий бодоорой. Тэд ч гэсэн энэ улсын нэг хэсэг. Өөрийн гэсэн хийж бүтээх юмтай л жирийн хүмүүс байдаг юм шүү. Аавын хүү сайнтай муутай гэгчээр зарим нэг нь алдаа гаргаж муу нэр зүүсэн байж болох ч бүгд тийм биш гэдгийг ойлгоосой. Ирээдүйд над шиг хүмүүс айж ичиж эндээс зугтахын хүслэн болохгүй эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна