Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болно

2017/04/28
Аймгийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтад аймгийн хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй ААН, нөхөрлөл, хувь иргэд нийлсэн 150 орчим бизнес эрхлэгчид оролцлоо. Тэдэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор хөгжлийн корпорацийн захирал О.Мөнхбат, аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Өлзийбаяр нарын албаны төлөөлөл мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Өмнө аймгийн Засаг дарга хөнгөн үйлдвэрийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ААН, хоршоо, нөхөрлөлүүдийн ажил байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох шийдвэрийг гаргаад байсан. Ингэхдээ ЖДҮ эрхлэгчдэд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг гаргахын тулд иргэд, ААН-үүд тавдугаар сарын 1-нээс өмнө өөрсдийн хэрэгцээ шаардлагаа төсөл болгож өгөхийг хүсээд байсан юм. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар тэрээр хэлсэн үгэндээ хүрч энэ сарын 1-нээс эхлэн эхний шаардлага хангасан төслүүдийг санхүүжүүлж эхлэхээ мэдэгдлээ.

Иргэд, ААН-үүдэд өмнөх жилүүдэд төсөлийн санхүүжилтийг дутуу олгодогоос санасан ажлаа мөн л дутуу гүйцэтгэж ирсэн бэрхшээл тулгарч иржээ. Тиймээс энэ жилийн тухайд шаардлага хангасан, сайн төслийн санхүүжилтийг бүрэн олгохоор болж байна. Нөгөө талаар ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон газар зэрэг үйлдвэрлэж хэн хэнийхээ эхлүүлсэн бизнесийг амжилтгүй гаргах тохиолдол цөөнгүй гарч байсан тул энэ жилээс эхлэн зах зээл нь хангасан салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байх, бусад шинээр ажиллах гэж буй ААН-үүд зах зээлээ нарийн судлахад анхаарч ажиллах юм.

Бэрхшээл яриад байвал нэгдсэн ойлголтод хүрэхгүй, нэг нэгнээсээ хамааралтайгаар асуудал үүсч байгаа тохиолдол олон байгаа учраас аймгийн Засаг даргын шийдвэрээр тавдугаар сарын дундуур аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулахаар боллоо. Мөн 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах сонирхолтой иргэд цөөнгүй байгаа нь уулзалтаас харагдаж байв. Тиймээс тэдгээр иргэд ХХҮГ-т тодорхой хөтөлбөрүүдээр дамжин гарах хөрөнгө оруулалтаас зээл авах замаар өөрийн үйл ажиллагааг явуулах боломжтойг ч хэлж байлаа.
 
Эх сурвалж: bayankhongor.gov.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна