Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017/04/28
Баянхонгор аймгийн хэмжээнд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны стратегийн мөн чанар, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд хангаж, энэ чиглэлийн асуудлаар бүх түвшинд олон талын дэмжлэг үзүүлэх үйлсийг хэрэгжүүлж буй 150 гаруй мэргэжилтэн, 31 боловсролын нийгмийн ажилтан, 25 нийгмийн эрүүл мэндийн ажилтан төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр хүмүүс энэ өдөр өвөр хоорондоо зөвлөлдөж, салбарынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг хэлэлцэв.

Баярын арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баясгалангомбо, тухайн салбар байгууллагуудын удирдлагууд нээж, нийт ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Энэ чухал салбарын бодлогод онцгой анхаарч аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг тусгажээ.

Тухайлбал, тус хөтөлбөрт хүний хөгжил, нийгмийн бодлогын чиглэлээр 33 зорилтыг дэвшүүлж, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн тухай”, “Хуримтлалтай хонгорчууд”, “Шинэ хөдөө”, “Ахмадаа ачилъя”, малчдын залуу халааг бэлтгэх “Илгээлтийн эзэн” зэрэг хөтөлбөрийг боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Ахмадын зөвлөх үйлчилгээний төвийг байгуулах, хүн ам, гэр бүл, иргэдээ ажилтай орлоготой, аюулгүй орчинд амьдруулахын төлөөх олон талт ажлыг хийж эхлээд байна.

Нөгөө талаар иргэдэд эрүүл мэндээс шалтгаалан учирч байгаа эдийн засгийн дарамтыг бууруулах үүднээс бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний төлбөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг төрөөс хариуцах, элэгний С вирусын эсрэг эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлэх болж, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд өрхийг 102,8 хувьтай хийсний үндсэн дээр зорилтод бүлгэд нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдсэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдрийн баярын хурлын индэр дээрээс төлөөлөгчид хэлж байлаа.

Тэд өөрийн ажиллаж буй салбарын хэмжээнд Баянхонгор аймагт 2016 онд нийт хүн ам 2,02 хувиар өсч, гэр бүл цуцлалт 6,5 хувиар буурсан, хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт 30 гаруй хувиар буурч, ажилгүйдлийн түвшин 8,5, ядуурлын түвүин 27 болсон таатай тоон үзүүлэлттэй баярын өдрөө угтаж байна. Энэ өдөр салбартаа амжилт гаргаж, сайн ажилласан зарим хүмүүсийн төрийн, салбарын болон аймгийн чанартай шагналаар тус тус шагнуулсан юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтнууд тэмдэглэлт өдрийн хүрээнд гар бөмбөгийн тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж, өөр хоорондоо хэтийн хөгжлийн асуудлаа илүү тодорхой, илүү үр дүнтэй болгохын төлөө зөвлөлдлөө. Баянхонгор аймгийн хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг ажлыг Гэр бүл, хүүхэд залуучуудыг хөгжлийн газар амжилттай зохион байгууллаа.

 
Эх сурвалж: bayankhongor.gov.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна