Тойм: Өнгөрч буй долоо хоногийн онцлох найман үйл явдал

2017/04/29
Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1.Иргэний мэдэх эрхэнд халдах оролдлого хийв



Монголын хэвлэл мэдээллийн салбар УИХ-аас баталж буй хуулийг эсэргүүцсэн үйл явдал өнгөрч буй долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд Зөрчлийн тухайн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж телевизүүд нэг цагийн турш ямар ч мэдээлэл цацаагүй бол өдөр тутмын сонинууд эхний нүүрээ хар өнгөтэйгээр хэвлэлээ.  Харин мэдээллийн сайтууд тодорхой хугацаанд мэдээлэл дамжуулсангүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд халдсан парламентыг эсэргүүцсэн акц болов. Зөрчлийн тухайн хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуульд иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын хардах эрхэд халдсан заалтууд тусгагдсан юм. 

2. Ерөнхийлөгч чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийлээ



УИХ-аар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуульд орсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох заалтын эсрэг хэвлэлийнхэн нэгдэж тэмцээд байгаа.  Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна. Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй. Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагатай болох ёстой. Ёс зүйгүй авирласны хариуцлагаа хүлээх ёстой. Иргэдийн нүд чих болсон хэвлэл мэдээллийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Өөр олон боломжууд байхад хамгийн бүдүүлэг аргаар торгоно гэж шийтгэх нь буруу. Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үгээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэйъ гэлээ.

 3.ОУВС-аас Төсвийн тодотголд хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгөв



ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ. Энэ дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ. Сангийн яамны хуулийн хэлтсийхэн ажиллаж байгаа бөгөөд тогтоолын төслөө эргэж нягтлах эсэхээ тодорхой болгоогүй байгаа юм.

 4. УИХ-ын гишүүн төв талбайд гэр барих хүсэлтээ хүргүүллээ



УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөнөөсөө хөөгсөн талаараа өнгөрөгч долоо хоногийн эхэнд мэдээлэл хийв.  УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөх хүсэлт явуулсан бөгөөд энэ асуудалд гишүүн өчигдөр нэлээд бухимдалтай хандаж байв. Тэрээр “Ямар өрөөнд оруулахаа хэлээгүй, мөн МАХН-ын төлөө саналаа өгсөн 140 мянган гишүүний төлөөллийг бие даагчийн нэгэн адил үзсэн нь зүйд нийцэхгүй” хэмээн үзэж, УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний ойролцоох коридорт ширээ тавин суусан. Харин УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж, энэ үйлдлээ зогсоох хүсэлт тавьснаар хуучин өрөөндөө эргэж ирсэн байна. Гэхдээ түүнийг түр байршуулж байгаа гэнэ. Мөн нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл олгох хүсэлт илгээж амжлаа.

 5. 29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө



Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сурагчдыг багш нар нь дарамталдаг, бэлгийн дарамт үзүүлдэг гэх асуудал шуугиан тарьж, энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.  Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр тус сургуулийн багш н.Сарантуяаг томилжээ. Мөн тус сургуулийн сурагчдын талаар мэдээлэл дамжуулсан хоёр ч хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.

 6.Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов



 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо. Сонгуулийн тухайн хуулийн 66.2 дэх хэсэгт зааснаар “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” гэж заажээ. Үүний дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр сэргээж, хэвийн үргэлжлүүлэх юм байна.

 7. Генералуудын өдөр тохиолоо



Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол генерал цолыг олгож эхэлсэн түүхтэй билээ.

Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн ёслолыг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулав.

8. Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд даргыг томилов

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Алтанцомыг тус албан тушаалд жинхлэн томиллоо.ЗТХ-ийн сайдын тушаалд, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Балдандоржийн Алтанцомыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилсугай” гэжээ.
Б.Алтанцом нь ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хагас жил орчим хугацаанд ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа ИНЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр салбартаа тасралтгүй 32 дэх жилдээ ажиллаж буй иргэний нисэхийн чадварлаг боловсон хүчин юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна