Эрээнд биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийг албадан буцааж эхлэв

2017/05/05
Монголоос БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ.

Ялангуяа тус улсад амьдарч, биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэх, тэдэнд учирч болох эрсдэл ч чамгүй олон байгаа. Иймд хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч байгаа ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрээн хотын НАХГ-ын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцаасан байна.

Мөн консулын газарт иргэдийн зүгээс чамгүй олон өргөдөл ирсэн байна. Үүнд "БНХАУ-ын нутагт визгүй зоричх 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна" гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ирсэн байна. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулжээ.

Гэвч асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөххот, Бээжин, Шинжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээллээ. Консулын газрынхан Эрээн хотын намын болон хотын дарга, НАХГ-ын удирдлагатай удаа дараа уулзалт хийж, хүсэлт тавьсны үр дүнд эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж чадсан байна.

БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар "Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө" гэж заасан байдаг ажээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна