Хубилай хааны охины онгон Монголчуудыгаа хүлээж байна

2017/05/09

Чингис хааны ач Хубилай цэцэн хаан төрийн их хатан Цэвэр хатнаасаа нэг хүү, хоёр охинтой байжээ. Бага охин Хөтөлөөг Солонгосын хаан Чунгиэлд хатнаар өгсөн байдаг. Харин том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа үйлдсэн олон дайнаар амь үрэгдсэдийн төлөө насан туршдаа залбирал үйлдэж, Танзэ хийдэд шавилан суужээ. Мяоян гүнжийг өөд болсны дараа түүнийг Танзэ хийдийн суварган төгөлд бунхалж, таван асарт суварга босгожээ.
 

Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган төгөлд сүндэрлэж, Хятад улс энэ бунханыг “Чингис хааны зээгийн шарил” гэж жуулчдад үзүүлж, зохих хэмжээний орлого олсоор байна. 
 

Тан нь "луут цөөрөм" зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. 3 дугаар зуунд Съянби аймгаас бүрдсэн умард Жин улс анx энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын үед ихээхэн өргөжсөн байна. Манжийн хааны сүрийг өргөхөөр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, үнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын өмнө Мяоян гүнж насан туршдаа мөргөж байжээ.
 

Танзэ хийдэд тавигдсан Хубилай хаан, Цэвэр хатан, xүү Дорж, охин Хөтөлийнх нь шуумал Мяоян гүнжийн бас нэгэн шүтээн байсан биз ээ. Хийдийн хананд Мяоян гүнжийн хөрөг бас өлгөөтэй байжээ. Энэ бүгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Танзэ хийд нь Хятадын Бээжин хотын Мэнтоугоу дүүргийн зүүн өмнөд хэсэгт байрладаг байна. 

Мяоян гүнжийн хөх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сүйтсэнгүй, биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна. Эзэн Чингис хаантай холбогдох бүхнийг сэргээж байгаа өнөө үед энэ бунханыг ч гэсэн мартаж эс болно. 
 

Доктор Ш.Баатар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна