Чингис хаан ба Доголон Төмөрийн адил ба ялгаатай талууд

2017/05/12

Монголчууд тус тусдаа, газар сайгүй холбоо хэлхээтэйгээр хүчирхэг дайсантай тулалдаж чаддаг байсан бол Төмөрийн цэргүүд нэгдсэн байдлаар л аян дайн хийнэ. Харольд Ламб Чингис хаан ба Доголон Төмөр эмирийг хэрхэн харьцуулсан тухай уншина уу.

“Төмөр бол Чингис хааны нэгэн адил суут, авьяслаг жанжин байв. Энэхүү авьяас, суу билгийн ачаар энэ хоёр жанжин ер бусын болж чадсан юм. Цезарийн аян дайнууд, Ганнибалын алдар гавьяа, эсвэл Наполеоны урам зориг дүүрэг стратегийг бид мэднэ. Доголон Төмөр, Чингис хаантай эн зэрэгцэж чадах ганц л хүн байгаа нь Македоны Александр юм. Чингис хаан үнэхээр ертөнцийг байлдан дагуулах төлөвлөгөө боловсруулсан байсан уу?

Тэрээр сод ухаантан байсныг л бид мэднэ. Чингис хаан болон Доголон Төмөр нарын талаар хэлэлцэж болох тодорхой зүйлс гэвэл энэ хоёр байлдан дагуулагч нь Александрын адилаар ямар ч саадыг давах асар их хүчтэй, зоригтой байжээ. Адил төстэй талууд нь ингээд дуусаж байгаа юм. Харин одоо ялгааг нь бичнэ.

Чингис хаан гайхам тэвчээртэй хүн байсан бол Доголон Төмөр цочмог, түргэн хүн байв. Идэр залуу насандаа байсныг нь эс тооцвол Чингис хаан аян дайнаа ихэвчлэн холоос маягтай удирддаг байсан. Харин Доголон Төмөр аян дайн болон тулалдаан болгонд өөрөө манлайлан ордог байв. Чингис хаан байлдан дагууллынхаа ач холбогдол, хариуцлагыг жанжидтайгаа хуваалцдаг байсан бол Доголон Төмөр бүх нэр хүнд, хариуцлагыг өөртөө л авдаг байв. Чингис хааны шадар жанжид болох Сүбээдэй, Зэв, Мухулай нар бие даан байлдааны ажиллагаа явуулахдаа гайхамшигтай байв. Чингис хааныг нас барсны дараа түүний залгамжлагч нар нь нутаг дэвсгэрийг нь тэлж чадсан байдаг.

Харин Самаркандын Эмир Төмөрийн залгамжлагчид болох Жаку, Сайфеддин нар ингэж чадсангүй. Хоорондоо тэмцэлдсээр агуу эцгийнхээ байгуулсан их гүрнийг бусдын идэш болгосон юм.

Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ?

Монголчууд Багдадыг эзэлж халифатыг мөхөөсөн нь


13-р зууны Монголын байлдан дагуулагч нар жам ёсоор бий болсон удирдлага бүхий цэргийн хүч байсан бөгөөд нэг үүрний зөгийнүүд адил хоорондоо холбоотой ажиллана. Харин Төмөрийн цэргүүд Ганнибалынхтай адилхан удирдлагаа л алдвал байдлааны чадварынхаа тэн хагасыг алддаг байв. Монголчууд тус тусдаа, газар сайгүй холбоо хэлхээтэйгээр хүчирхэг дайсантай тулалдаж чаддаг байсан бол Төмөрийн цэргүүд нэгдсэн байдлаар л аян дайн хийнэ. Чингис хаан цэргийн байгуулал, цэрэг дайчдын шуурхай ажиллагааг удирдах авьяастай хүн байв. Тэрээр дайны ажиллагааны хамгийн нарийн, эс ширхэг бүрийг боловсруулж, дайнд мордохоосоо өмнө сайтар төлөвлөж, жанжидтайгаа зөвлөлддөг байв.

Чингис хаан илүү хүнд тулаанаас зайлсхийж, эсрэг талын гол хүчийг богино хугацаанд цохидог байв. Чингис хаан цэргүүдийнхээ цуст үйлдлээр айдас төрүүлдэг байв. Харин Төмөрийн дайчид Монголчуудаас ялгаатай байв. Төмөр дайснаа дарж чаддаг байсан ч гэсэн эзлэгдсэн ард түмнүүдийг дагуулж чадаагүй юм. Төмөр эзэлсэн газрууддаа тогтвортой засаглал тогтоож чадаагүй бол аргыг нь олж чадсан монголчууд тогтвортой засаглалыг тогтоож байв.

Төмөр хэдийгээр аян дайныг стратегийн түвшинд сайн бэлтгэж байсан ч гэсэн Чингис хаан хэнд ч давагдашгүй гайхалтай стратегич байжээ. Төмөрийн тулгарч байсан бэрхшээлүүдээс Чингис хаан зайлсхийж чаддаг байв.

Харольд Ламб. “Төр төвхнүүлэгч их жанжин Доголон Төмөр”


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна