5-р сарын 13-нд дэлхийн 99 улсын 75,000 компьютерийг хамарсан өргөн хэмжээний кибер халдлага гарчээ. Уг кибер халдлага нь вирус компьютерийн мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхэн заасан хугацаанд биткоин дижитал валютаар төлбөрийг шилжүүлбэл мэдээлэл нь буцааж сэргээгдэх ба төлөхгүй бол устах аюултай зарчмаар ажилладаг байна.
Ransomware буюу мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг төрлийн энэ вирусыг WannaCry, бас WanaCrypt0r 2.0 гэж нэрлэж байна. Хамгийн анхны халдлагад өртсөн улс орнуудад Британи, Испани багтаж байгаа юм. Британий үндэсний хэмжээний эмнэлгүүдийн мэдээллийг барьцаалсан бол Испаний Telefonica харилцаа холбооны компани халдлагад өртсөн байна.
Британий ерөнхий сайд Тереза Мэй эмнэлгүүд нь өвчтөний мэдээллээ барьцаалуулсныг баталсан юм. Үүний улмаас эмчилгээ явуулж чадахгүйд хүрч, зарим өвчтөнөө бусад эмнэлгүүдэд шилжүүлж байгаа гэнэ. Мөн ОХУ-ын дотоод хэргийн яамны 1,000 орчим компьютер халдлагад өртсөнийг албаныхан мэдээлжээ.
Оросын харилцаа холбооны Мегафон компани бас халдлагад өртсөн байна. Уг вирус нь Windows системтэй машинуудад халдаж байгаа ба хэрэглэгчээс нь $300-тай тэнцэх мөнгө нэхдэг юм.
Өнгөрсөн оноос эхлэн хакерууд NSA-ийн тагнаж, чагнадаг арга хэрэгслүүдийг олон нийтэд ил болгож эхэлсэн юм. Дээрх халдлагад өртөхгүй байх арга нь Windows системийнхээ шинэчлэлийг (update) байнга хийж байх явдал гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна