"Автомашингүй өдөр"-ийг дахиулъя

2017/05/22
Дэлхийн томоохон хотууд автомашинаас татгалздаг өдөртэй. Монголчууд ч гэсэн дөрвөн жилийн өмнөөс жилд нэг удаа төмөр хүлгээ гэртээ үлдээж, төв талбайгаараа явган алхдаг болсон.

Ийм өдөр хэрэгтэй юм гэдгийг “Автомашингүй өдөр”-ийн цар хүрээ, арга хэмжээг дэвжсэн иргэдийн оролцоо энэ жил илүү тод харуулав. Марафон гүйлтийн тэмцээнд гэхэд анх удаа 33 мянган хүн оролцож, рекорд тогтоолоо. Анх 2014 онд 16838 гэсэн ирцтэй байсан марафонд энэ удаа өсвөр насны гүйгчдээс эхлээд хамгийн ахмад нь 86 настай эмээ оролцжээ.

“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, манлайлж гүйснийг иргэд сайшааж байсан юм.

Тамирчин, гүйгчид төв замаар багтахгүй шахам дүүрч, хүүхдүүд хэнээс ч, юунаас ч айж эмээлгүй унадаг дугуй хөлөглөж, хүсэл мөрөөдлөө зам дээр зурж үлдээсэн, амгалан, тайван энэ өдөр нийслэлчүүдэд таалагдав.

Нөгөөтэйгүүр хотод маань аз жаргалын үзүүлэлт ямар их үгүйлэгдэж байсныг “Автомашингүй өдөр” зураглаж үлдээлээ. Хүүхэд, эмэгтэйчүүдэд амарч салхилах орчин байхгүйг, гэр бүлээрээ алхаж, зугаалах зай талбай алга болсныг энэ өдөр эргэн сануулав. Хэдэн мянган хүн цугласан ч хотын төвд хогоо хаяж, хотын дүрэм зөрчиж байгаа иргэд бараг харагдсангүй. Улаанбаатараас ийм амар амгаланг мэдрээгүй удсан болоод ч тэрүү урин дулааны улиралд “Автомашингүй өдөр”-ийг дахиулах саналтай иргэд олон байв.

Сард, ядаж улиралд нэг удаа “Автомашингүй өдөр”-тэй байж болох уу? Яагаад болохгүй гэж. Магадгүй, хүүхэд хаана ч чөлөөтэй зугаалж, зугаацахад нь зориулж, зургадугаар сарын 1-нд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаавал хүүхдэд ээлтэй шийдвэр ч байж болох. Хүүхдүүд ганц өдөр ханатлаа дугуй унаж, хотын төвдөө эрхлэн тоглог.

Хүүхдийн дуу цангинасан, хүмүүс амар амгалан алхсан, аз жаргал үнэртсэн хүний төлөө өдөр хотод олон байх тусмаа л сайхан санагдах байх.
 
Б.Баясах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна