Диснейн кинонуудын эх зохиолууд

2017/06/19
Хүүхэд, насанд хүрэгчид гээд бүгд л Диснейн кинонд дуртай байдаг. Тэгвэл бид бүгдийн сайн мэдэх хүүхэлдэйн кинонууд ямар зохиолоос сэдэвлэгдэн бүтсэн ба жинхэнэ эх зохиолдоо бидний сайн таних баатрууд хэрхэн яаж дүрслэгдсэн тухай сонирхоё.


Үнэг ба анч нохой

Зэргэлдээ байшинд өсөцгөөсөн Тод ба Коппер нэртэй анч нохой, үнэгний тухай хүүхэлдэйн киног бид мэднэ. Байгалийн төрөлх авир, эргэн тойрны нөлөөнөөс үл хамааран, эзэд нь хүртэл бие биесээ үзэн яддаг байхад сайн найзууд хэвээрээ үлддэг шүү дээ.

Даниел Мэнниксийн жинхэнэ эх зохиол харин аз жаргалтайгаар дуусдаггүй байна.
Анчин Копперийг (нохой) ан хийхэд сургасан. Гэвч тэр үнэг найзыгаа хэзээ ч барьдаггүй байлаа. Уурсаж хорссон анчин үнэгний гэр бүл, найзуудыг бүгдийг нь алж, үргэлж Тод-ыг мөшгиж, хөөж явдаг болжээ. Эзнээсээ тушаал авсан анч нохой үнэг найзыгаа барихаар хөөж явтал үнэг сульдаж ядарснаасаа болж үхдэг байна. Хэдэн жилийн дараа анчин настай хүмүүсийн асрамжийн газар очихоор болж өөрийн нохойгоо буудаж алдаг байна.



Ширэнгийн түүх

Маугли нэртэй ширэнгэд орхигдсон өнчин хүү Балүү нэртэй баавгай, Багира нарт ирвэстэй найзууд болдог. Гэвч  хүний мах иддэг бар ойд ирснээр Маугли хоргодох газар хайж хүмүүсийн амьдардаг тосгонд очиж, хөөрхөн охинд дурлаад тэндээ үлдэхээр шийддэг киног бид мэднэ.

Харин Рүдяард  Киплингийн эх зохиолд өгүүлснээр Мауглиг хүний тосгонд ирэхэд бусад хүмүүс түүнийг таатай хүлээж аваагүй ажээ. Түнийг зэрлэг, догшин хэмээн айж, цочсон байна. Тосгоны удридлагууд түүнийг тосгоноос хөөж, түүнд туслах гэсэн хүмүүсийг тамласан байдаг.

Ингээд Маугли хүү ширэнгидээ эргэн ирж заан найзаасаа тусламж гуйдаг. Гати зааныг кинонд дүрслэхдээ их эелдэг, мэдлэгтэй хөгшин заан гэсэн бол яг жинхэнэ эх зохиолдоо хүн төрөлхтнийг үзэн яддаг, түүнийг жадаар хатгасныг нь төлөө өс санасан заан байдаг ажээ.
Ингээд Багира, Балүү, Маугли нар чонын сүрэгтэй нийлж, тосгоныг бүхлээр нь сүйтгэж, оршин суугчдыг хөнөөсөн байна .



Бяцхан Лусын Дагина

Диснейн бүтээсэн Бяцхан Лусын Дагина кинон дээр Ариел хүн болж, ханхүүтэй гэрлэхийг маш ихээр хүссэн учраас өөрийн дуу хоолойгоо далайн шуламд барьцаа болгон өгч оронд нь хүн болж хувирдаг.  Гэвч далайн шулам Урсула заль мэх зохиож, ханхүүг булааж авахыг оролддог ч эцэст нь ханхүү Ариелийг таньж, тэд гэрлээд амар сайхандаа жаргадаг.

Тэгвэл Бяцхан Лусын Дагины зохиолч, жинхэнэ эх хувилбарыг бичсэн Ханс Кристиан Андерсений  зохиолд : Ариел сүүлээ хувааж хөлтэй болдог гэвч тэрээр маш их өвдөлтийг давах хэрэгтэй болсон байдаг. Тэр эрэгрүү сэлж, өвчнөөсөө болоод ухаан алдсан байна. Ханхүү түүнийг олоод ордондоо авчирчаваачиж тэд бүжиглэдэг. Гэвч Ариелийн өвдөлт хэвээрээ л байлаа. Яг л халуун хутгаар сийчүүлж байгаа мэт өвдсөөр байсан байна.

Дараа нь тэр ханхүүг өөр хүнтэй, өөрөөр хэлбэл далайн шуламтай гэрлэхээр болсныг мэдээд гуниглажээ. Хэрвээ ханхүү түүнтэй гэрлэхгүй бол Ариел далайн хөөс болж хувирна шүү дээ. Түүний ганц хийж чадах зүйл гэвэл ханхүүг өөртэйгээ гэрлэхийг ятгах байлаа, гэвч тэр дуу хоолойгоороо тохиролцоо хийж шуламд өгсөн учир боломжгүй байв.

Далайн шулам түүнийг өрөвдөн Ариелд ахин нэг боломж олгов. Хэрвээ Ариел ханхүүг алж, түүний цусыг хөлөн дээрээ асгавал хүн хэвээрээ үлдэж болно гэсэн ч Ариелд тийм аймшигтай зүйл хийх зориг байсангүй тул шүүд л далайн хөөс болон үлддэг тухай өгүүлсэн байдаг байна.

 
 
Үнсгэлжин

Үнсгэлжингийн хорон санаат хойд эх түүнийг дээвэрт цоожилж, ханхүүтэй уулзуулдаггүй, гэвч Үнсгэлжин өөрийн бяцхан найзуудын тусламжтайгаар дээврээс гарч, ханхүүтэй уулзаад, өрөөсөн шаахайгаа харуулж ханхүүтэй гэрлээд аз жаргалтай амьдардаг. Өөртэй нь дэндүү муухай харьцаж байсан хойт эх, эгч нараа уучилдаг шүү дээ.

Харин Гриммийн ах дүүсийн эх хувилбарт: Хоёр эгч нь шаахайг өөрт нь яг таарч байгааг нотлохын тулд өөрсдийн тавхайг тайрдаг байна. Нэг нь хөлнийхөө хуруунуудыг, нөгөө нь өсгийгөө. Гэсэн ч ханхүү тэднийг биш гэдгийг мэдэж, үнсгэлжинг олоод, тэд гэрлэдэг ажээ.

Үнсгэлжин хойт эх болон эгч нараа өршөөсөнгүй. Тэдний бүх хөрөнгийг авч, тахир дутуу болон үлдсэн эгч нар нь гудамжинд гуйлга гуйдаг болсон байна. Тэдний хуримын өдрөөр үнсгэлжинд үргэлж тусалдаг найз шувууд нь хойт эгч нарынх нь нүдийг ухдаг талаар Гриммийн ах дүүсийн эх зохиолд гардаг ажээ.


 
Цасан гоо

Өөрийг нь алахаар санархах хорон санаат хойт эхээсээ зугтаж явсаар Цасан Цагаан 7 одойн байшинд ирж тэдэнтэй цуг амьдардаг. Харин түүнийг муу санаат хатан тэр даруй олж хортой алим түүнд идүүлдэг шүү дээ. Ингээд гүнж мөнх нойрсож байтал түүнийг ханхүү ирж үнсээд мөнхийн нойрноос сэрээдэг тухай бид кинон дээрээс мэдэх билээ.
Харин Гриммийн ах дүүсийн эх зохиолд Цасан Гоог илүү зальтайгаар дүрсэлжээ. Тэр өөрийн хуримандаа хойт эхийгээ урьдаг. Тэгээд түүнд халуун төмөр гутал өмсгөж түлэгдэж үхтэлээ гуталтайгаа бүжиглэхийг шаарддаг байна.



Рапунзель гүнж

Чанга хатуу ээжтэйгээ цамхагт амьдардаг Рапунзель үргэлж гадагшаа гарахийг хүснэ. Царайлаг, сэтгэл татам оргодол Флин Рийд түүнийг олж, зугтахад нь тусалж яваад эцэст нь өөрийн төрсөн гэр бүлээ олж, Флинтэй гэрлэн амар сайхандаа жаргадаг шүү дээ.

Харин жинхэнэ эх зохиол дээр Рапунзель болон ханхүү хоёр тийм ч азтай байсангүй. Эсвэл хангалттай ухаантай байсангүй.

Ханхүү рапунзелийн үзээр дамжин цамхагт орж түүнтэй нууцаар уулздаг болсныг хорон санаат эх нь мэдэж, Рапунзелийн үсийг тайрч өөрөө зүүгээд, ханхүүг урхинд оруулжээ. Ханхүү урхинд орсноо мэдмэгц цамхагаас үсэрч, өргөст бутан дээр унан нүдээ сохлодог байна. Рапунзель ханхүү хоёр ахин уулзсангүй.



Покахонтас

Хүчтэй, ухаалаг уугуул Америкийн гүнж Покахонтас Британийн колончилогч Жон Смиттэй учирч түүнд дурладаг. Уугуул Индианууд болон колоничлогчдын дунд тэмцэл явагдах зуурт Покахонтас Жоны амийг аварч, тэдний хайр дайныг зогсоодог.  Ингээд Жон эх нутагруугаа буцсан ч Покахонтацыг санасаар л, тэдний хайр хэвээрээ байсаар байдаг билээ

 Харин бидний сайн мэдэх покахонтас гүнж жинхэнэ амьдрал дээр оршин байсан хүн билээ.

Покахонтас колоничлогчдыг ирэх үед 10-12 настай байжээ. Харин Жон Смит 30 гарсан эр байв. Жом Смитийн өдрийн тэмдэглэлдээ  өөрийгөө Покахонтасыг хүчиндэж хүүхэдтэй болгосон гэдгээ бичсэн байдаг байна. Тэд хэзээ ч бие биендээ хайртай байсангүй.  

Жон Смит Англи буцаж, Покахонтас хулгайлагдсан байна. Түүнийг албан хүчээр христийн шашинд оруулж, Жон Рольф нэртэй англи залуутай гэрлүүлж, тэд хүүтэй болсон байна. Тэр төрөлх гэртээ, гэр бүлийхэндээ эргэж очихыг хүссэн ч тодорхойгүй шалтгаанаар цэл залуу 20 насандаа таалал төгссөн байна.


 
Мулан

Диснейн хүчтэй баатруудын нэг Мулан аавынхаа оронд дайнд явж ялалт байгуулаад, бүр хайртайгаа учраад гэртээ эргэж ирдэг. Түүний эцэг өвгөдөөс илгээсэн хамгаалагч Мушу луу түүнтэй үргэлж хамт байж тусалсаар байдаг шүү дээ.

Жинхэнэ эх зохиол болох ''Хуа Мулан''-д өгүүлснээр Мулан гэртээ ирэх үед тэдний гэр бүл ямар ч мөнгөгүй болж дампуурсан байдаг ажээ. Түүний цорын ганц сонголт нь татвар эм болох байлаа. Гэвч тэрээр биеэ үнэлэгч болохын оронд амиа хорлосноор түүх дуусдаг байна.

Ялагдашгүй Хүннү гүрнийг нэг хятад ''татвар эм'' зогсооно ч гэж юу байх вэ дээ.

 
 
Араатны хаан арслан

Кинонд Симбагийн аав Муфаса түүний нагац ах Соривтод алагдаж, Соривт Симбад эцгийнх нь үхэл түүнээс л болсон хэмээн итгүүлж, өөрөө хаан болдог. Жилийн дараа Симба эргэн ирж өөрийн хаант улсыг буцааж аван, Соривтоор хэргийг нь хүлээлгэдэг. Тэгээд Симба Налатай гэрлэж амар сайхандаа жаргадаг.

Энэ киног Шейкспирийн Гамлет жүжгээс санаа аван бүтээсэн гэдэг.

Гамлет ханхүү өөрийн нагац  Кладиусд өөрийн эцэг Гамлет хааныг алсанд өширхөж, хаан ширээний төлөө тэмцэн, ахынхаа бэлэвсрэн үлдсэн эхнэртэй гэрлэдэг. Түүний өшөөгөө авахад аавынх нь сүнс түүнд зааварладаг, яг л Симба аавынхаа дүрийг одноос харж түүнтэй ярилцдаг шиг.

Жүжгийн төгсгөлд хүн бүхэн үхэж, Гамлетын хайрт Офелиа амиа хорлож, хортой вино уусан эх нь мөн л нас барж, Гамлет нагац ахыгаа алсан шигээ  хортой хутгаар дүрүүлж хорлогддог байна.


 
Парисын дарь эхийн сүм

Хонхчин Квазимото, ахмад Фибус нар үзэсгэлэнт Эсмеральдаг цаазлах тавцангаас аварч, Фибус Эсмеральда хоёр бие биедээ дурладаг. Квазимотогоос хүмүүс айхаа больж, түүнийг жинхэнэ баатар хэмээдэг билээ.

Харин Виктор Хюгогийн жинхэнэ эх зохиолд энэ түүх тийм ч сайхнаар дүрслэгдсэнгүй.

Квазимото Эсмеральдад дурлаж, харин Эсмеральда түүнийг хариу хайрласангүй. Квазимото уурлан хилэгнэж түүнийг дүүжлэхээр завдаж байсан Фроллод Эсмеральдаг аваачин тушаажээ.

Гэсэн ч Квазимото тэр даруйдаа гэмшин түүний шарил дээр очиж, авсыг нь нээж дотор нь ороод Эсмеральдагийн үхсэн биеийг тэврэн хэвтжээ.Ингээд тэрээр өлсөж цангаж үхсэн байна.  Тэдний биеийг  18 сарын дараа олоод, тэдний цогцосыг салгах гэхэд  Квазимотогийн яс нь үйрч унасан гэдэг. 



С.Тэргэл
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна