Дам тамхидалт үхэлд хүргэдэг

2018/01/20
Олон хүний боддогоор тамхины хорын тухай асуудал зөвхөн тамхичдад л хамаатай гэвэл үгүй аж. Дам тамхидалтын тухай энэ сэдэв тамхи татдаггүй хүн танд бүр их хамаатай. Дам тамхидалтын талаар өгүүлэхийн учир юу билээ. 


Ер нь дам тамхидалт гэж юуг хэлээд байна вэ?

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлдгээр дам тамхидалт гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлдэг аж. Дам тамхидалтын хор уршиг нь манантаад замхрах утаа шигээ нэг удаа гашуун утаанд хахаж цацах, хоолой сэрвэгнээд өнгөрөх төдий үзэгдэл биш, таны эрүүл мэндэд мөнхийн аюулыг заналхийлж, чимээгүйхэн гэхдээ бүр зогсолтгүйгээр хэмлэж үхэлд хүргэх далдын түгшүүрийг ямагт даллаж байдаг биегүй хор юм. 

Хүн бүхнийг мэддэг байх албагүй ч өөртөө аюул даллаж байдаг зүйлсээс урьдчилан сэргийлэх аргыг мэддэг байх нь чухал. Тамхины хорын тухай, дам тамхидалтын хор уршигын тухайд ч та өмнө нь сонсож байсан ч хэн нэгэн дэргэд чинь тамхи татахад төдийлөн төвөгшөөдөггүй бол энэ тухай мэдээллийг бүрэн авч чадаагүй байна гэсэн үг.

Тамхичны дэргэд байгаа хүн тамхичнаас хоёр дахин их никотин, бохь агуулсан утаагаар амьсгалдаг гэж үнэн үү?
Тамхи бидний хэлдгээр янжуур бүрт фильтер гэх утааны шүүлтүүр байдгийг мэднэ. Энэ нь асч байгаа тамхины утаатай хамт ялгарч байгаа тамхины хорыг багахан ч гэсэн шүүж тамхичныг "хамгаалдаг." Тэгэхээр тамхинаас ялгарах тэр утаагаар хордсон агаараар ямар шүүлтүүргүйгээр амьсгалж суугаа тамхи татдаггүй хүн илүү хордох нь ойлгомжтой байгаа биз. 

Тамхины хорыг тогтоох судалгаанаас үзвэл тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг болохыг тогтоожээ. Гэтэл манай улсын 5 хүн тутмын 4 нь ажлын газар болон гэртээ тамхи татдаг хүнтэй хамт ажиллаж, амьдардаг болох нь тогтоогджээ.

Дам тамхидалт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дам тамхидалтын шууд нөлөөллийн хэмжээ нь тухайн хүний никотиныг хүлээн авах мэдрэмжээс хамаарах тул зарим хүмүүс тамхи татаж байгаа хүний дэргэд удаан сууж чаддаг бол зарим нь маш амархан нөлөөлөлд ордог билээ. Дам тамхидалтын зарим хор уршгийн тайлбарласнаас үзвэл, дам тамхидалт нь:

Насанд хүрэгчдэд:
-Тархины цусан хангамж багасч, цус харвалт үүсэх.
-Нүд хорсох, загатнах, нулимс гоожих, цаашилбал болор цайх, сохрох.
-Уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20-30 хувь нэмэгдүүлдэг.
-Цусны судасны ханыг зузааруулж, нарийсгах бөглөрөл үүсгэх, зүрхний бах, шигдээс үүсгэх
-Мөн урагт нөлөөлж бага жинтэй хүүхэд төрөх, зулбах, хугацаанаасаа эрт төрөх, нярай гэнэт нас барах.

Хүүхдэд:
-Тархины цусан хангамж багасч ой тогтоолт сэтгэн бодох чадвар буурах.
-Тархины хавдар үүсэх
-Дунд чихний үрэвсэл үүсэх.
-Гуурсан хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсэх, хүндрэх.
-Зүрх судасны тогтолцоог алдагдуулж тунгалагийн булчирхайн хоргүй хавдар үүсгэх зэрэг бодит аюулуудыг заналхийлж байдаг байна. АНУ-д дам тамхидалтад өртөгсдийн дунд хийсэн судалгааны дүнгээс үзвэл дам тамхидалтын улмаас жилд
-Уушигны хорт хавдраар өвчилсөн хүний тоо 3000-д хүрч, 
-Зүрхний цусан хангамжийн дутагдалд 35-65 мянган хүн орж
-Жин багатай хүүхэд 9700-18600 мэндэлж
-Нярайн гэнэтийн нас баралт 1900-2700-д хүрээд байна гэсэн баримт байна.
Харин Монголыг АНУ-д тохиолдсон өвчлөлийн тоотой жишиж үзвэл харьцангуй бага тоо харагдах хэдий ч хүн амын тоотой харьцуулбал түгшүүр төрүүлэм жишээ байна.

Тухайлбал:
-Хүүхэд нь амьсгалын замын өвчнөөр олонтоо өвддөг айл өрхийн 75 хувь
-Тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал, дутуу жинтэй төрсөн айл өрхийн 70 хувь
-Зүрх судасны эмгэгтэй хүүхэдтэй айл өрхийн 67.2 хувь

-Харшлын өвчтэй хүүхэдтэй гэр бүлийн 65 хувь гэр бүлийн хэн нэг нь тамхи татдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Хэрэв тухайн гэр бүлд нэг хүн тамхи татдаг бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл 68.3 хувь, хоёр хүн тамхи татдаг бол 88.6 хувь болж ихэсч байсан үзүүлэлтийг бас дурьдаж болно. Түүнчлэн эцэг эхийн тамхидалт нь хүүхдийн эрүүл мэнд, хичээл сурлагад муугаар нөлөөлж, зан үйл, хэл ярианы гажуудал үүсгэдэг бөгөөд хүүхдүүд өсвөр насандаа тамхинд орох магадлал өндөр байгааг тогтоосон байна.

Дам тамхидалт үхэлд хүргэдэг гэж үнэн үү
Үнэн. Канадын нэгэн эмэгтэй Хитер Кроу 40 гаран жил ресторанд зөөгчөөр ажиллажээ. Хөл хөдөлгөөн ихтэй рестораны танхим тамхины утаанд цэнхэртэж харагдах нь та бидэнд танил төрх. Ийм орчинд олон жил ажилласан тэрээр өөрөө харин нэг ч удаа тамхи татаж үзээгүй гэдэг. Гэвч энэ олон жилийн хугацаанд өдөр бүр тамхины утаагаар амьсгалж байснаас болж Хитер Кроу уушигны хорт хавдартай болжээ. 
Үйлчлүүлэгчдийнхээ тамхины утаанд хордсоны улмаас уушигны хорт хавдраар өвчилсныг 2003 онд нотлон тогтоожээ. Тэрээр өөрийнхээ тухай өгүүлэхдээ
-Миний хувьд амьдралын сайн хэв маягийг баримталж эрүүл мэнддээ байнга анхаарал тавьдаг байсан. Гэтэл миний хүзүүн дээр урт хатуу зүйл мэдрэгдэх болсон. Эхэндээ тоогоогүй, арилахгүй удахаар нь эмчид үзүүлтэл тэд надаас цусны шинжилгээ аваад дараа өдөр нь рентгенд харсан. 
Рентгэнд харсаны дараа эмч нар энэ бол хавдар. Уушгинд маань миний гарын хэмжээтэй хавдар үүссэн байна гэж оношилсон. Хавдартай гэдгээ сонсоод би үнэхээр яахаа мэдэхээ больсон.үүнийг би юу гэж ойлгохоо ч мэдэхээ байсан. өвчин шаналал өдөр ирэх бүр намайг зовоосоор байна. үхэл үргэлж намайг дагах болсныг би ингэж л ойлгосон гэжээ. 
Ийм жишээ олон. Харин энд онцлон Канад эмэгтэйн тухай өгүүлсний учир нь тэрээр энэ өвчин шаналлаа тээгээд хорвоогоос зүгээр л нэг явчихыг хүсээгүй. өвчин тусахаасаа өмнө Хитэр дам тамхидалт уушигны хорт хавдар үүсгэдэг болохыг мэддэггүй байсан болохоор бусад хүмүүс ч бас мэдэхгүй байгаа гэж бодоод дам тамхидалтаас сэргийлэх компанит ажлыг насан эцэстлээ зохион байгуулжээ. Бусад хүмүүс түүний энэ эмгэнэлт түүхийг битгий давтаасай гэсэндээ маш их ажил хийсний дүнд Канадад ажлын байр болон олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хуулийг батлуулж.

Тамхины эсрэг дэлхий нийт хэрхэн тэмцэж байна вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2007 онд Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудад зориулан дам тамхидалтаас хүн амыг хамгаалах тухай дөрвөн үндсэн зөвлөмж боловсруулан гаргажээ.Үүнд:
-Тамхи татахыг зөвшөөрсөн цэг биш 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх,
-100 хувь тамхигүй орчныг хуулиар баталгаажуулах,
-Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээг бий болгох,
-Дам тамхидалтын хор нөлөөний талаар хүн амын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж заасан байна.

Иргэд бид өөрсдөө юу хийж чадах вэ?

Хэн ч хяналт тавьдаггүй, байх л ёстой зүйл мэт энэ ойлголтыг үгүй болгоход иргэн бидний идэвх оролцоо хамгийн чухал. Хамгийн энгийнээр бид бие биенээ хайрладаг, хүндэлдэг байя, хамтдаа тамхинаас татгалзъя. Хажууд чинь хэн нэгэн тамхи татаж байвал өөрийгөө болон бусдыг хордуулахгүй байхыг хүсч, эелдэгээр түүнээс гарч татахыг гуй. 
Магадгүй өвлийн хүйтнээс жийрхэж, зуны халуунаас тээршааж түүний татах тамхины тоо цөөрнө. Гэр бүлийн тань хэн нэгэн тамхи татдаг бол үр хүүхэддээ ямар их уршиг авчирч байгааг нь тайлбарлая. Тэр гэр бүлдээ хайртай л бол хажууд чинь татахаа болино. Цаашлаад бид хуулиндаа тодорхой заалт оруулахыг уриалъя. Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө бусдын эрүүл мэндэд мөнхийн заналхийлэл авчирдаг тамхины хор хөнөөлөөс хамтдаа татгалзацгаая.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна