Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.03.20) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзсан байна.
Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг гаргах зорилгоор морин уралдааныг зохион байгуулсан, хянаж шалгасан бүх талыг оролцуулсан эл уулзалтыг Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин талуудын мэдээллийг сонсоод “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал. ММСУХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, хуваарь гараагүй үед дур мэдэн бүсийн уралдаан явуулахдаа Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаанч хүүхдийн эрхэнд шууд халдаж, алдаа дутагдалтай зохион байгуулсан нь тодорхой болж байна. Үндэсний их баяр наадам хүртэл хурдан морины аливаа уралдааныг хориглох, цаашлаад өвөл, хаврын морин уралдаан явуулдгийг бүрмөсөн хориглох шийдвэр боловсруулж Засгийн газрын хуралдаанд өргөн барих бодолтой байна” хэмээн мэдэгдэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын төгсгөлд морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил болон хүүхдүүдэд учирсан хохиролд буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас саналыг нь яаралтай ирүүлэхийг үүрэг болгожээ. Энэ талаар Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна