Цагаачлал бол “АМЬД” үлдэх баталгаа

2018/03/23
УИХ-ын 2018 оны Намрын чуулганы хаалт болох сүүлийн долоо хоногийн /2018.2.8/ Нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт дотор  “МонголУлсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл багтсан ч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаасан.

Уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаанд хэдийгээр цөөн гишүүн оролцсон ч манай улс төрчид гадаад орноос Монгол улсад цагаачлах иргэдийн асуудалд туйлын болгоомжтой ханддаг нь илэрхий анзаарагдаж байв. Нийгмийн шинжтэй, иргэдийн амь амьжиргаатай холбоотой хуулийн төслүүдийг батладаг шигээ уг асуудалд тоомжиргүй хандвал иргэд сонгогчдын зүгээс томоохон шүүмжлэл ирэх учраас нэгдүгээрт болгоомжилж, хоёрдугаарт олон нийтэд таалагдах талаас нь ярихыг хичээсэн нь илэрхий байлаа.

УИХ-ын чуулганаар цагаачлалтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхээр зэхэж буй тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруйд “эх оронч” дүртнүүд олон нийтийн сүлжээнд сонгодог утгаар нь популизм хийж “Монгол Улс Хятадад эзлэгдлээ. Жил тутам цагаач иргэдийн тоо өслөө” гэхчилэн сүржигнэсэн. 

Харин бодит байдал дээрээ зарим улс төрчдийн популизм хийгээд байгаа шиг, мэдлэггүй хэрнээ сүржин нөхдийн “аюулын харанга” дэлдээд байгаа шиг нөхцөл байдал үүсчихээгүй юм билээ. Хаа очижГадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль харьцангуй чанга хууль юм. Гадны иргэнд цагаачлан амьдрах зөвшөөрөл олгох тал дээр  Гадаадын иргэн харьяатын газар ч хатуу бодлоготой, өндөр шалгуур тавин ажилладаг болохыг уг сэдэв сөхөгдөж эхлэх үед сэтгүүлч миний бие судалж мэдсэн билээ. 

Манай улс жилдээ гадаадын 100 иргэнд цагаачлан амьдрах эрх олгох хуулийн дээд хязгаартай ч  бодит байдал дээр тодорхой шалгуурыг давж болзол хангасан гадаад орны иргэншил бүхий 4-5 хүнд л цагаачлан амьдрах зөвшөөрөл олгодог. Албан ёсны цагаачлан амьдрах зөвшөөрөлтэй  1959  иргэн өнөөдрийг хүртэлх хугацаанд манай оронд аж төрж байгаа нь ч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал биш гэдэг нь тодорхой.

Харин Монгол Улсын иргэд гадны оронд цагаачлан амьдрах тохиолдол олширч байгаад хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон төрийн түшээд ч, ордны гадаах үндэсний үзэлт улс төрчид ч, олон нийтийн сүлжээн дэх нийгмийн идэвхитнүүд анхаарлаа хандуулахгүй байгаа нь хачирхалтай. Угтаа бол Монгол Улсад цагаачлан амьдрах зөвшөөрлийг нэг жилд авч буй 4-5 гадны иргэнд анхаарал хандуулахаас илүүтэй Монгол эх орноосоо “дүрвэж” харь оронд цагаачлан амьдрах хүсэлт гаргаж буй Монголын хэдэн арван иргэний учир шалтгааныг тогтоох нь илүү чухал баймаар.

Цагаачлал бол хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д хэдэн жил ажиллаад буцаж ирэх, өндөр боловсрол эзэмшихийн тулд хөгжингүй орныг зорих, агаарын бохирдлоос ангид амьдралын илүү таатай орчинд амар жимэр, ажил орлоготой амьдрахын тулд гэр бүлээрээ гадагшаа “харлахын” нэр даанч биш. 

Цагаачлал бол эмзэг хийгээд ноцтой сэдэв. Энгийнээр тайлбарлавал эх орондоо үргэлжлүүлэн амьдрахад улс төрийн үзэл баримтлал болон бусад шалтгааны улмаас хилсээр яллагдах эрсдэлд орсон, ноцтой гэмт хэргийн гэрч болсон хийгээд гэмт бүлэглэлийн нууцыг мэдэх учраас амь нас нь байнгын занархийлэлд өртөх болсон, нийгэм, олон нийтэд итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлагын ялгаатай байдлын улмаас ялгаварлагдан гадуурхагдсанаас нийгмийн идэвхитэй хүрээлэлд цаашид ажиллаж, амьдрах аргагүй болсон, тухайн асуудлаас нь төрөлх улс орон нь хамгаалах боломжгүйн улмаас өөр улсаас хамгаалалт хүсэж буй өөр гарцгүй болсон тохиолдолд сонгодог ЭЦСИЙН АРГА ЗАМ, АМЬД ҮЛДЭХ НАЙДЛАГА.

Гэтэл бид амьдарлаа дээшлүүлэхийн тулд харийн оронд ажиллах хүч болохоор зорьж буй иргэдээ зөвтгөж, ажилгүйдэл ядуурлыг гааруулсан улс төрчдөд бурууг тохдог хэрнээ аргагүй эрхэнд хүний нутагтцагаачлан амьдрахаас өөр сонголтгүй болсон иргэдийг болохоор эх орноосоо “урвагч” хэмээн адлах нь дэндүү гоомой дүгнэлт. Амьдрал баялаг учир хэнд ч, ямар ч зайлшгүй шаардлага тулгарч болзошгүйг ойлгохыг хүсдэггүй дээ, магадгүй өөрт нь ч тийм нөхцөл тохиолдвол би яах байсан бэ гэж эргэцүүлэхийг огт боддоггүй учраас тийнхүү ахархан дүгнэлт хийдэг биз ээ. 

Монгол Улсын иргэд гадны орны зорих шалтгаанд цагаачлал тийм ч өндөр хувийг эзлэдэггүй байсан нь саяхан. Арваад жилийн өмнө тийм тохиолдол тун цөөхөн тохиолддог байсан бол өдгөө энэ тоо эрс өчсээ. 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Шенгений орнуудын цагаачлалын албанд бүртгүүлсэн Монгол иргэдийн тоо 10 мянгыг давжээ. Гэхдээ цагаачлан амьдрах хүсэлт гаргах нэг хэрэг. Зайлшгүй ямар шалтгааны улмаас цагаачлахаас өөр аргагүй болсон гэдгээ баталж амьдрах зөвшөөрөл авна гэдэг өөр хэрэг. Цагаачлан амьдрах шалтгаанаар хүсэлт гаргасан Монгол иргэд хэдэн мянгаар тоологдох ч цагаачлах эрх авсан нь ховор. Цагаачлалын зөвшөөрөл хүсэж буй иргэдийн мэдүүлэгт авилгалаас ангид байх, ажилгүйдэл ядуурлаас гарах, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг шалтгааныг дурьддаг нь цагаачлан амьдрах албан ёсны эрхтэй болох хангалттай шалтгаан биш. Харин зайлшгүй цагаачлан амьдрах шаардлага тулгарсан, түүнийгээ ч баталж амьдрах эрх авсан Монгол иргэдийн үндэслэлийг харж байхад үндсэн таван шалтгаан зонхилдог аж. 

Улс төрийн орогнолын “жинхэнэ” жишээ Д.Энхбат

Цагаачлах албанд хүсэлт гаргагчдын зонхилох хувийг  “political asylum” буюу улс төрийн орогнол эзэлдэг.Улс төрийн орогнол гэхээр нөлөө бүхий улс төрчид ханддаг их л өргөн хүрээний шалтгаан гэж ойлгогддог. Харин энэ шалтгаанаар ямар нэг иргэний хөдөлгөөний үйл хэрэгт ивэвхитэй оролцож байсан, жагсаал цуглаан удаа дараа зохион байгуулалцсан, дээр шалтгааны улмаас түр хугацаанд саатуулагдаж, байцаагдаж байсан иргэд Швед тэргүүтэй европын  оронд амьдрах эрх авсан тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Түүнчлэн Монголын улс төрийн тогтворгүй байдал түүнээс үүдэх төрийн албан дахь халаа сэлгээ, авилга хээл хахуулийн хэргийн улмаас улс төрийн орогнол хүсэгчдийн тоо харьцангуй өсчээ. Монгол улсын иргэн гадны орноос улс төрийн орогнол хүсэж амьдрах болсон хамгийн дуулиант тохиолдол нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татагдсан Дамирангийн Энхбатын түүх юм. Тэрнээс биш долдугаар сарын 1-ний хар өдрөөр далимдуулж үнэхээр жагсаал цуглаанд оролцож, улмаар түр саатулагдан цагдаа нарт “дэглүүлж” байсан нь эргэлзээтэй хэдэн зуун залуус хуурамч материал бүрдүүлж цагаачилсан тохиолдлууд Дамирангийн Энхбатад тохиолдсон явдалтай харьцуулахад “хүүхдийн тоглоом”, зохиомол түүх төдий. Харин талийгаач Д.Энхбат бол улс төрийн орогнол хүссэн жинхэнэ цагаач билээ. 

Эргэн сануулбал: Д.Энхбатыг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийн хэрэгт тодорхой нотолгоогүйгээр буруутгасан учир 2003 онд Европ руу дүрвэж 2003 оны 3 сарын 15-нд хуурамч нэрээр Франц улсаас орогнол хүсээд байсан юм. Харин тэр үед Унгарын улсын Будапешт хотод Монгол Улсын ЭСЯ-ны атташегаар ажиллаж байсан Б.Хурц түүний үйлдлийг илрүүлж тус оны 5 сард Францын Гавр хотод баривчилж, улмаар хилээр тээвэрлэн авч гарахын тулд тариа тарьж ухаан алдуулан тээвэрлэсэн байдаг. 

Улмаар улс төрийн цагаач Д.Энхбатыг Монголд авч ирсэн мөчөөс эрүүдэн шүүж, тарчлаан зовоосны эцэст шүүхээс түүнд Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт буруутган 3 жилийн ял эдлүүлэх болсон.Талийгаач Д.Энхбат хоёр жил шахам хоригдоод  гуурсан хоолойн багтраа, элэгний церроз/хатуурал/ өвчин хүндэрсний улмаас ялаас чөлөөлөгдөн суллагдаад удалгүй насан өөд болсон түүхтэй. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байсаар амьсгал хураасан. Одоо үүсчихээд буй шинэ нөхцөл байдлаас дүгнэхэд талийгаач Д.Энхбатыг хилсээр хэлмэгдүүлсэн нь улам л тодорхой болсоор байна. Тийм боловч Монголын төр талийгаач Д.Энхбатын гэр бүлээс албан ёсоор уучлал гуйгаагүй хэвээр байна. 

Ялгаварлан гадуурхалын хийрхэл түүнийг ЦАГААЧ болгосон

Трансжендер мисс М.Энхриймаа бол бэлгийн чиг хандлага, бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах үзлийн улмаас гадаад руу цагаачилсан анхны Монгол иргэн. Түүний анхлан татсан шангаар бэлгийн цөөнх хэмээн эх орондоо хавчигдан гадуурхагдсан олон залуус хүний нутгийг зорих урьтач нөхцлүүд хэдийнэ бүрэлдчихээд байна. 

Эргэн сануулбал: Гей мисс Энхриймаа нэрээр олонд танигдсан сэтгүүлч мэргэжилтэй М.Мөнгөн нь трансжендер болохоо зоригтойгоор зарлаж, энэ амьдралынхаа хэв маягын талаар илэн далангүй бичсэн блог хөтөлж, Монголын анхны трансжендермиссийн тэмцээнд түрүүлснээр амьдралыг өөр хэв маягыг нийгэмд тунхаглаж, зарим талаар бүр бахархан сурталчилсан. Мэдээж эл зоригтой алхам нь олон хүнд таалагдаагүй тэр тусмаа хэт үндсэрхэг үзэлт “Даяар Монгол” бүлгэмийн эрст тун ч таалагдаагүй. Тиймээс М.Энхриймааг 2009 оны намар өөртэй нь адил трансжендер найзуудынх нь хамтаар хүчээр машинд суулган Далан давхрын оршуулгын газарт аваачин элдвээр занархийлэн сүрдүүлсэн гэлцдэг. Хууль, шүүхийн байгууллага үнэхээр ийм явдал тохиолдсон эсэхийг эцэслэн шийдвэрлэж шалгалгүй орхисон ч М.Энхриймаа уг явдал болсноос удалгүй Австрали улс руу цагаачилсан түүхтэй. Монголд бэлгийн цөөнхийн эрх ашиг, эрүүл мэнд амь насыг хамгаалсан тусгай хуультай, эсвэл нэмэлт хуулийн заалт зохицуулалттай болохгүй бол М.Энхриймаагийн цагаачлалын түүх эцсийн тохиолдол болохгүй. М.Энхриймаатай адил нөхцөл байдалд орж, нийгмийн эсэргүүцэлтэй тулгарчихаад байгаа дараагийн хүн бол сөшлийн од  О.Осоржамаа. 

“Харийн шашин” шүтдэг нь түүнийг эцэг эхээс нь холдуулсан

Монголчуудын 53 хувь буддын шашинтан гэсэн судалгаа байдаг ч 1992 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдэж буй Христэд итгэгч монголчуудын хувь өдгөө нийт хүн амын 10 хувьд хүрэхүйц хэмжээнд очжээ. Өнгөн дээрээ бидний монголчууд шашин шүтлэгийн хувьд харилцан эв найрамдалтай, шашны мөргөлдөөнгүй амар жимэр харагдавч Христ итгэгчдийг “харийн бурхан” шүтдэг хэмээх буруутгал одоо ч байсаар байгаа нь үнэн. Шашны хавчлагад өртсөн хэмээх шалтгаанаар гадны оронд цагаачлан амьдарч буй нэгэн иргэнбидэнд өөрт учирсан явдлаа ярихыг зөвшөөрсөн юм. 

Тэрээр ярихдаа, “Би одоо 33 настай. Христэд итгээд 17 жил болж байна. Амьд Үг чуулганд анх явснаар итгэгч болсон. Анхнаасаа намайг цуглаанд явахыг аав, ээж хоёр маань эсэргүүцдэг байсан. Яагаад гэвэл аав маань их сүсэгтэй,ээжийн маань аав маш том лам хүн байсан юм. Тиймдээ ч манай гэрийн салшгүй хэсэг нь бурхан тахил байсан. Харин би нууцаар цуглаандаа явж хэлний мэдлэгээ сайжруулж явсаар нэг мэдэхэд их сургуулиа төгсөж нийгмийн ажилтан мэргэжлээрээ Олон улсын санхүүжилттэй Христчин байгууллагад ажиллах болсон. Манай байгууллага амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүдэд хэлний болон хөгжмийн сургалт явуулж зуны цагт хүүхдийн зуслан ажлуулдаг. Манай америк удирдагч түр хугацаанд нутаг буцсан тэр жил би зуны зусланг ахлан удирдаж ажлуулах болсон юм. Миний ахалсан тэр зуслангийн хоёр дугаар ээлжинд ирж амарч байсан нэг хүү голд сэлж байгаад амь алдсан. Уг явдлаас болж бөөн хэрэг үүсэж, цагдаа сэргийлэхээх хэсэг явсан. Хуулийн байгууллага хэдийгээр золгүй явдал болохыг тогтоож манай байгууллагын зүгээс өөд болоочийн оршуулгын зардал бас бус санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ч талийгаач хүүгийн ар гэр намайг байнга дарамтлах болсон. Хүүг нь харийн шашин, харийн шашны хүмүүс л уруу татаж авч явж эцэст нь амь насанд хүрсэн гэж байнга буруутгадаг. Хүүгийнхээ амины төлөөсийг надад үүрүүлнэ, шоронд хатаана гэж тувт дарамталж, олон ч газар өргөдөл, гомдол өгсөн.Энэ хүндхэн үетэй зэрэгцэн ээж маань тал цус харван хагас мэдээгүй болсон нь манай гэрт бүр ч хүнд туссан. Гэр маань базаахгүй байдалтай болсон үед аав маань бөө дээр очиж үзүүлэхэд намайг сахиусаа авахгүй байгаагаас ийм юм тохиолдоод байгаа гэж хэлсэн юм билээ. Тиймээс аав маань намайг бөө бол гэж байнга шахаж шаардах болсон. Архи уух нь ч ихсэж бүхний бурууг миний итгэл үнэмшилд тохож, ажил дээр, сүм дээр маань очиж агсам согтуу тавих болсон. Хамаатан садан ахан дүүс маань ч ээжийн маань хэвтэрт орсон бурууг надад тохож илтэд таагүй хандах болсон. Тиймээс би итгэл үнэмшлээ сахиж үлдэх, нөгөө талаар амь насаа болзошгүй аюулаас хамгаалахын тулд Христийн цуглааны шугамаар гадны оронд иржамьдрахаас өөр санаа надад төрөөгүй. Цагдаад болон өмгөөлөгчид асуудлаа ярихаар гэр бүлийн асуудал, хүүгийн ар гэртэй тохиролц, тайтгаруул гэдгээс өөр зөвлөгөө гарц шийдэл хэлж чаддаггүй” хэмээн хуучилсан юм.

Хохирогчоо ялладаг хар технологи цагаачлалын шалтгаан болсон нь

Гэрч хохирогчийг хамгаалах хууль хөрсөндөө бууж хэрэгжиж чадахгүй байгаа нь олон монгол иргэнийг дүрвэхэд хүргэсээр байна. “Энэ бидний байгуулахыг зорьсон хүмүүнлэг нийгэм биш” гэж халаглах хүн олширсоор... Зах зээлийн чөлөөт тогтолцоо, бизнесийн шударга өрсөлдөөн хэмээх үг уриа лоозонгоос хэтрэхээ ч байсан. Монголын эдийн засаг тэр чигтээ “сүүдрийнх” болоод зогсохгүй хуулиас хүчтэй улс төрийн бүлэглэлүүд, хуулийн хамгаалалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтаас бүрэн гарчихаад байна.Гэмт бүлэглэлийг хуулийн хүрээнд хамгаалдаг,хаацайлдаг, хэргийг мөрдөн байцаалтын шатанд дардаг цагдаагийн хурандаа нар ч олширсон. Тэднийг“МУУ ЦАГДАА” гэж ерөнхийлөн нэршдэг. Тэд нүүрэн дээрээ хэргийг шийдвэрлэнэ яаралтай хэрэгтнийг олно, хохирлыг барагдуулна гэж шийдвэр гаргах төвшний албан тушаалтны хувиар хариуцлагатай мэдэгддэг ч далдуур хэргийг хариуцаж буй мөрдөн байцаагчаа дарамталж хэргийг бүдгэрүүлэх чиглэл өгдөг нь шалгарсан арга нь. Ийм аргаар хоёр талд ажиллаад гаршсан цагдаагийн дарга нарт “үргэлж хуулийн байгууллагын талд зөв оршдог” гэсэн хатуу итгэл үнэмшил байдаг. Хэрэв өөрсдийг нь эсэргүүцсэн мөн үнэнийг нь мэдэж илчлэх гээд буй хэн нэгнийг хуулиар далайлган хилс хэргээр яллах боломж тэдэнд үргэлж оршдогт асуудлын учир бий. Ийм шалтгааны улмаас гадныулсад цагаачлан амьдрах өргөдлөө өгсөн нэгэн иргэний бодит түүх хуулийн байгууллага дахь ялзралын тодорхой жишээ болох болов уу?

Тэрбээр түүхийн үнэлж баршгүй олдвор бүхий эд өлгийн зүйлээ гэрээсээ алджээ. Эд зүйлийг хулгайлсан хэрэгтэнг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилсан боловч эд өлгийн зүйл ор сураггүй болжээ. Цагдаагийн байгууллага хэрэгтнийг нэгэнт илрүүлсэн, явуулдаг газар руу нь явуулсан учир хэргийг ингээд хааж, алдагдсан зүйлийгүргэлжлүүлэн хайх сонирхолгүй байжээ. Тиймээс алдсан хүн арван тамтайн үлгэрээр хохирогч өөрөө бие даан “мөрдлөг” явуулж эхэлжээ.Ингэх явцдаа хэрэгтэй холбоотой маш чухал хэд хэдэн сэжүүр олжээ. Орон байрны хулгай төдийхөнөөр шийтгэл оногдуулаад өнгөрөөхийг зорьсон уг хэрэгт гэтэл шийдвэр гаргах төвшний Цагдаагмйн албан тушаалтнуудаас авхуулаад Хил хяналтын байгууллага төдийгүйэрүүгийн рецитивүүд  Замын-Үүд-Эрээний чиглэлд хүн зөөвөрлөдөг 69-ийн жолооч нараас бүрдсэн Монголын түүхэн үнэт ховор эд зүйлсийг хил дамнан худалдаалдаг бүхэл бүтэн гэмт бүлэглэлийн  сүлжээ байгааг олж мэдээ чаджээ.Маш их хүчин чармайлт гарган олж илрүүлсэн чухал мэдээллээ нэгтгээд Цагдаагийн байгууллагад өгөхөд, “Та бидний ажилд маш их хэрэг болох материалаар хангалаа. Таны цуглуулсан материалын мөрөөр хэргийг дахин шалгана” гэж амласан боловч алдагдсан үнэт зүйлээ эргүүлэн олж авах нь битгий хэл бүр эсрэгээрээ бусдыг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн хэрэгт холбогдож улмаар таньж мэдэхгүй дугаараас элдвээр сүрдүүлэн дарамталж, хаа явсан газарт мөрдөн мөшгиж, удаа дараа аваар осол мэт харагдлуулах халдлага зохион байгуулжээ. Гэвч энэ бүх халдлага сүрдүүлгийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамгаалалт авахыг хүссэн ч амь насанд нь занархийлэгчэзэн холбогдогчийг тодорхой үндэслэлээр нэр зааж баталж дөнгөөгүйгээс яаж ч чадаагүй аж.Үүнийг ч мэдсэн гэмт этгээдүүдийн хавчлага улам гаарах болсноор ар гэр, эрхэлдэг бизнес эх орноо орхин цагаачлахад хүрсэн гэнэ. 

Эл нийтлэлээр манай хууль тогтоох дээд байгууллага, төрийн түшээд цагаачлалын асуудалд анхаарлаа хандуулж эх орондоо хамгаалалт авч чадахгүйн улмаас аргагүйн эрхэнд харь орон руу цагаачилж буй иргэдийнхээ амь нас, эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг бодит жишээн дээр тулгуурлан өгүүлэхийг зорьлоо. Уг нийтлэлд шашин шүтлэгийн хавчлага, ялгаварлан гадуурхлын улмаас мөнзохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, худалдагдсан цагдаа нарын дарамт шахалтын улмаас эх орондоо буцаж ирэх боломжгүй болоод байгаа одоо гадны улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргаад буй Монгол иргэдийн / Баттөмөрийн Батбилэг, Энхсайханы Ганболд, Ишхүүгийн Сувдмаа, Доржийн Билэгт/ бодит жишээг өөрсдийнх нь зөвшөөрсний үндсэн дээр нийтэлсэн болно. Мөн тэд одоохондоо ямар шалтгааны улмаас цагаачилснаа нууцлахыг хүссэн ч харин нэрээ нууцлахыг хүсээгүй билээ. Хэрэв тэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл задалвал тэдний Монгол улсад амьдарч буй ар гэрийнхэнд нь маш аюултай гэдгийг надад үргэлж хэлж байсан билээ.

Ө.Үлэмжтөгс
Ekhsurvalj.mn


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна