​Д.Нямсамбуу: Ламаас амьдралаа биш, ёс суртахуунаа асуу

2018/08/31
Буддын шашны дээд цол гавжийн дамжаа барьсан гэхэд залуухан, басхүү урлаг спортоор бол аль хэдийнэ олон мянган фэнтэй болсон нэгэн ламтай ярилцлаа. Улаанбаатар хотын төв гудамжинд түүний багшаар нь ажилладаг “Жавзандамба хутагт” төв байрладаг. Сүм хийдэд биш, шил толь болсон барилга дотор оффислодог орчин цагийн гавжтай ярилцахаар болсон нь үнэхээр сонин байлаа. Түүнийг Д.Нямсамбуу гэдэг.
Д.Нямсамбууг лекц уншиж байгаа танхимын хаалганы гаднаас нэг удаа сонсож үзлээ. Хүмүүс үе үе нирхийтэл инээлдэх аж. Гавж нэлээд хошин шогийн мэдрэмжтэй бололтой.

-Амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ. Лам хүн болохоор зурхайгаас харж шийдэх үү?

-Чин үнэнийг хэлэхэд би зурхайн талаар идэвхгүй үзэлтэй. Мэдээж зурхай нэг өдөр зохиогдчихоогүй. Хүмүүний амьдралд учирсан хэдэн сая тохиолыг олон жилийн турш ажигласны үндсэн дээр харьцуулан шинжиж бий болсон таамаг. Энэ нь урт хугацаанд нотлогдож ирсэн байж болох. Нар, сар зэрэг тэнгэрийн эрхэсүүд дэлхийн бүх цаг агаарын тогтолцоог шийддэг, өөрөөр хэлбэл хэдэн тэрбум тонн усыг ууршуулж, зөөж, буулгаж чаддаг байхад 70 орчим кг жинтэй бидний бие организмд бидний боддогоос илүү нөлөөлж болох юм гэж санадаг. Гэхдээ нөгөө талаас бидний бүх ирээдүйг од гариг гаднаас шийддэг ч гэх юм уу, эсвэл хэчнээн сайн, муу хүн байна хамаагүй ердөө л нэг инээдтэй зан үйлээс хамаарч ирээдүй нь шийдэгддэг гэвэл би итгэхгүй, бурхны сургаалтай ч нийцэхгүй. Тэгэхлээр нар, сар, жил, сар зэрэг нь магадгүй гадаад хам нөхцөл болж болох ч бидний ирээдүй ямар байх гол шалтгаан бол хүн өөрөө, түүний үйлдэл, санал, санаачилга юм, үүнийг үйлийн үрийн онол гэнэ.

-Гавж хүн чинь ядаж цагаан сарын өглөө зүг мөрөө гаргана биз дээ. Цаас урж хийсгээд л...?

-(Инээгээд) Би тэгж үзээгүй ээ. Гэхдээ мөр гаргах зэргийг зан заншлын хувьд хадгалаад явах нь буруу юу байх вэ.

-Бага нас тань хаана өнгөрсөн бэ?

-Улаанбаатарын бага тойрогт. Хуучнаар Лениний музейн ар талын цэнхэр байрнуудын дунд хүүхэд нас өнгөрсөн. Би тавдугаар сургуульд сурдаг байлаа.

-Хотын төвийн хорооллын хүү яагаад лам болъё гэж бодсон юм?

-Өвөө шийдсэн. Тэгээд л намайг 14 настайд хүчээр лам болгочихсон (инээв). Анхандаа түвд бичгээр үл ойлгогдох ном уншаад, хэцүү байсан. Тайлбар хичээлүүд орох үеэс л буддизмыг сонирхож эхэлсэн.

-Нөхөрлөдөг хүмүүсийн чинь дунд лам хүмүүс зонхилдог уу?

-Янз бүрийн салбарын олон янзын мэргэжил, боловсролтой хүмүүс бий. Хүн бүртэй өөрийнх нь сэдвээр ярилцах сонин санагддаг.

-Хүүхдээ лам болгох гэж байгаа хүмүүст Та юу зөвлөдөг вэ?

-Эхлээд хориглодог. Дараа нь сайн бод гэдэг. Лам хувраг гэдэг сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш. Мөнгөгүй, алдаргүй, хүмүүсийн боддог аз жаргалаас татгалзах ёстой ажил шүү дээ, хэрвээ жинхэнэ ёсоор нь бол.

-Та уйддаг уу?

-Хэзээ ч үгүй. Ганцаараа байхад ч хангалттай сонирхолтой шүү дээ.

-“Улаан, шарыг тунаруулсан” хэмээн ламын хувцсыг дүрсэлсэн хэлц бий. Таны дуртай өнгө юу вэ?

-Яг тийм өнгө гэж хэлэх юм алга. Нээрэн бодсон чинь юу билээ... Лав л сойз худалдаж авахдаа нэг л мэдэхэд шар өнгөтэйг нь сонгочихдог талтай юм байна шүү.

-Өнгөрсөн сард Цам харайсан нь монголчуудын уламжлалт шашин, соёлын сайхан ёслол байлаа. Сор залсны дараа нэгэн телевизийн сурвалжлагч НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаас юу бодсоныг нь асуулаа л даа. Тэгсэн чинь дарга “Улаанбаатар минь утаагүй болохыг, гэр хорооллыг дахин төлөвлөх ажил маань амжилттай бүтэхийг бодож залбирлаа” гэж хариулсан. Ер нь хүн ажил, амьдралаа шашинд даатгаж сүсэглэх нь хэр бүтэлтэй байдаг юм бол?

-Оюутан сайн дүн авах гэж байгаа бол маани мэгзэм гэснээс хичээлээ уншсан нь дээр. Унжаад ирсэн харвин гүзээнээсээ ангижирмаар байвал дасгал хөдөлгөөн хийсэн нь дээр. Прагматик хандах хэрэгтэй.

-Бүх зүйлд бодитоор хандах гэвэл бурхан шашны хэрэг юу байна?

-Надад ч ингэж асуух үе байсан. Бурхан шашныг мухар сүсэг гэж итгэсэн, лам хуврагыг хүмүүсийн оюун санаа, эд хөрөнгөөс сордог хөгийн хувалз мэт боддог байдал монголчуудын үзэл бодлоос хараахан арилаагүй байхад би анх лам болж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам би өнөөдөр Монголд хамгийн хэрэгтэй зүйл бол ёс суртахуун, түүнийг массын төвшинд бодитоор бий болгох боломж ганц Монголын бурхны шашинд л байна гэдгийг ойлгосон. Бурхны шашин маш бодит шинжлэлтэй, хүн илүү зөв, сайн болж болох тухай таамаг, онол, арга зүйн нэгдэл. Гэгээрэл мэгээрэл гэхээ ч больё. Одоо бидэнд ёс суртахуун шиг хэрэгтэй юм алга.

-Хүмүүс бүгдээрээ мөс чанар, ёс суртахуун, зарчим хааччихсан юм бэ гээд хайсаар л байгаа?

-Миний бодлоор, бид эрхэм зүйлсээ алдчихсан юм. Аливаа иргэншил үүсэж бий болох хэдэн мянган жилийн туршид хүнээ, нийгмээ зарчимтай байлгах гэж өөрийн гэсэн итгэл үнэмшил, сургааль номын системийг бий болгодог. Японы дунд сургуульд хүүхдийг япон хүн байлгахад чиглэсэн хичээл ордог. Тэр нь шинэ зүйл биш, нөгөө л хэдэн мянган жилийн уламжлалд суурилсан хөтөлбөр. Монголчуудын ёс суртахууны уламжлалт сургалт нь буддизм байлаа, түүнийгээ устгасан. Одоо бидэнд шинэ тогтолцоог бий болгох, эсвэл уламжлалт тогтолцоогоо сэргээх хоёр зам байна, мэдээж хүн бүр дээр биш л дээ, дийлэнхийн хувьд.

-Ёс суртахуун номлох, үүнийг хүнд бий болгох хэцүү юү?

-Нэг бодлын алга урвуулах шиг амархан. Хүмүүс гурван сарын дотор англи хэлний мэдлэгтэй болж л байна шүү дээ. Тэгэхээр ёс суртахууны талаар хичээллэхэд заавал хүмүүжил олно. Буддын гүн ухааныг маш энгийн хэлээр тайлбарлах, сургааль номыг нь системтэй заадаг газрууд олон болох хэрэгтэй.

-Шашны салбар шилжилтийнхээ үеийг даван туулсан уу?

-Шилжилтийн үе дууссан гэж боддог. Үгүйдээ дуусах цаг нь болсон.

-Тэгвэл Та салбарынхаа маш сонирхолтой, бас идэвхтэй цаг үед ажиллаж амьдарч байгаа юм байна. Ингэхэд Та хэдэн настай вэ?

-38 настай.

-Хэдийд, хаана гавжийн дамжаагаа барьсан бэ?

-2006 онд 29 настайдаа Дашчойнпэл дацанд гавж болсон.

-Шинжлэх ухааны бусад салбарт эрдмийн цолыг ямар нэг ажил, бүтээл хийж хамгаалдаг. Лам хүн яаж гавж болдог юм бэ?

-Буддын гүн ухаанд онолын дээд таван боть байдаг юм. Гавжийн дамжаа барихын тулд эдгээр ботийг үзэж судлаад, олон лам нарын өмнө гарч, асуултад нь хариулж барвал цол хамгаалдаг гэж ойлгож болно. Ном хаялцлаа гэж бид ярьдаг.

-Энэтхэгт дацангийн боловсрол олсон маш олон лам эх орондоо ирж байна. Тэд Монголдоо хэр нутагшиж байна вэ?

-Энэтхэгт сурснаа энд нутагшуулах гэж л анх явсан учраас Монголд ийм байна, тийм байна гэж шүүмжлэх нь утгагүй л дээ. Харин ч хийх ажил оволзож байгаа нь сайхан шүү дээ. Бурхны шашин гэж ажил, амьдралыг ид шидээр засаж залруулдаг зүйл биш ээ, энэ бол хүний зөв байх оролдлого гэдгийг таниулмаар байна.

-Яг одоо Монголын улс төрд эх оронч, эх оронч бусаар нь ялгадаг популизм маш хүчтэй өрнөж байна. Та үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

-Амин хувиа гэсэн бодол надаас авахуулаад хүн бүрт л байдаг. Эх орончдод ч би, миний гэсэн бодол бий. Өөрийн биеэс гадна бусдын, бүх монголчуудын төлөө бодож сэтгэх, төлөө нь зүтгэх үзэл санааг эх оронч гэж ойлгодог. Хувиа хоохойлоод дуусаж байгааг нь эх оронч бус гэх биз. Хүний эрээн дотроо байдаг болохоор аль сайхан ярьж байгаа болгоныг эх оронч гэх нь хаашаа юм. Үйлдэл нь илүү чухал учраас цаг хугацаа ялгаад өгөх биз дээ. Эх орон гэж цээжээ нүдэгсэд нь хамгийн их хувиа хичээж, байгаль хамгаалах сайхан үйлсэд зүтгэгчид нь газар шороогоо бузарлаад явж байдаг жишээ энүүхэнд л байдаг.

-Албан хаагчид нас, хүйс, хөрөнгө орлогоо мэдүүлдэг хэрнээ ямар шашинтайгаа бичдэг анкет байдаггүй. Эсвэл шаардлагагүй юм болов уу?

-Анкет ямар байх талаар бодож байсангүй. Энэтхэгт бол ямар шашин шүтдэг тухай амар мэнд асууж байгаа юм шиг заавал асуудаг. Манайхан шашнаас болж үл ойлголцол төрөхөөс болгоомжилдог байх.

-Та Сандэрландын их сургуульд сурч байсан гэсэн. Англи орны хөгжилд шашин ямар нөлөөтэй байх юм?

-Тэнд хүнийх нь суурь болсон ёс суртахууны түгээмэл хэрэгсэл бол гарцаагүй христийн шашин. Өнгөрсөн жилийн улаан өндөгний баяраар Их Британийн Ерөнхий сайд “Манай улсын өнөөгийн хөгжил дэвшил, англичуудын үнэт зүйлс бүхэн бидний шашин” гэж хэлж байна лээ.

-Монголчууд ямар нэг бэрхшээл тохиолдоход сэтгэл судлаач гэхээсээ лам, бөө гээд явчихдаг. Манайд сэтгэл судлал, шашин хоёр нэг салбар болж хөгжиж байгаа нь зөв үү?

-Монголд сэтгэл судлалын шинжлэх ухаан сайн хөгжөөгүй юм байлгүй. Миний оролцсон олон улсын хурлуудаас анзаарахад, дэлхийн сэтгэл судлаачид буддизмын сэтгэл судлал, бясалгалыг өндөр үнэлдэг юм билээ. Гэхдээ л шашин, сэтгэл судлал хоёр тусдаа салбар шүү дээ.

-Бурхнаас ид шидийг хүсдэггүй хүн ховор. Тэгээд л ламаас хувь заяагаа асууцгаадаг. Тэгээд ч сүм хийдүүд ном уншина, засал хийнэ, зурхай зурна гээд л “нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж байхад хүмүүс хүссэн, хүсээгүй ид шидийг хүлээдэг байх л даа.

-Миний хувьд мэргэ төлөгт сүжиггүй учраас бодитой хандахыг л зөвлөнө. Ажил, амьдрал, хувь заяа хүнд өөрт нь байдаг. Ламаас биш өөрөөсөө асуу. Өөрийгөө тань, хичээж зүтгэ, олж ав гэх л байна. Мах уу, шөл үү гэсэн юм ярьж байхын оронд ламаас би яавал ёс суртахуунтай байх вэ гэж асуувал зөв болно.

-Та хавдраар маш хүнд өвдсөн хүмүүст лекц уншдаг юм байна. Үхлийн өмнөх гишгүүрт очсон хүмүүс Танаас юу асуудаг вэ?

-Би яах вэ... Энэ нь яаж эдгэх вэ гэсэн асуултаас арай өөр утгатай. Үхэлд хандах бурхны шашны сургаалиуд бий л дээ. Үхэл бол үйл явц, цаана нь үргэлжлэл байдаг талаар тэдэнд тайлбарладаг. Ер нь зовлон, жаргалын тухай бодитой тайлбарууд бурхны шашинд байдаг. Манай “Жавзандамба хутагт” төв хавдраар өвчлөгчдөөс гадна шоронд хоригдож байгаа ялтнуудад лекц уншдаг. Заримдаа санхүүжилт олдохгүй үе таараад нэг удаа өнжихөд л өнөөдүүл яав ийв болж биднийг сураглана. Нүгэл буян, ёс зүй, зарчмын тухай лекцээ сонсох гэж тэр шүү дээ.

-Та яг ямар үед лам болсноороо хамгийн их бахархдаг вэ?

-Буддын сургаалийн үнэнийг мэдрэх үедээ. Лам хүний хувиар хэн нэгэнд бодитоор тусалснаа мэдрэх үедээ.

Itoim


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна