Тэтгэврийн зээл авах иргэдэд хэрэгтэй мэдээлэл

2018/12/04
Манай улсад энэ оны нэгдүгээр сарын байдлаар 381.800 иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч буйг Нийгмийн даатгалын ерөнхий газраас /НДЕГ/ мэдэгдэж байсан. Тэгвэл тэдгээр иргэдийн 60 хувь буюу 230.800 тэтгэвэр авагч иргэд арилжааны банкнаас 680 гаруй тэрбум төгрөгийг тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр авсан байдалтай байсан юм. Ер нь тэтгэвэр авагч иргэд тэтгэврээ барьцаалан зээл авах байдал жилээс жилд буурахгүй дүр зурагтай байж ирсэн. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг дагуулж ирсэн юм.

Тэгвэл Засгийн газраас 2017 оноос хойш тэтгэврийн хүүг бууруулах арга хэмжээг хоёр удаа аваад байна. Эхнийх нь 2017 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг эхлүүлж байсан. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг ийнхүү 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 онд нийт 95 600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15 хувийн хүүтэйгээр авч, 1,3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байдаг.

Тэгвэл энэ 2018 оны нэгдүгээр сарын 16-наас зээлийн хүүг дахин бууруулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг ХААН банк болон Төрийн банктай хамтран 12 сар хүртлэх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1 хувь, жилийн 12 хувь болгосон юм.

Арванхоёр сараас урт хугацаагаар зээл авахыг хүсвэл банкны эх үүсвэрээр олгогдож байгаа 18 хувийн хүүтэй зээл авах боломж нь тэтгэвэр авагчдад нээлттэй хэвээр үлдэж байгааг НДЕГ-аас тухайн үед мэдээлж байсан.

Гэвч тэтгэвэр авагч иргэн бүрт мэдээлэл хангалттай хүрээгүй нь бодит нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Жишээ татахад, 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн нэг жилд авах нийт тэтгэврээ буюу 3 сая 600 мянган төгрөгийн зээлийг 12 хувийн хүүтэй авна гэсэн ойлголттой банкин дээр  очих нь нийтлэг байгаа аж. Гэтэл 12 хувийн хүүтэй зээл хүсч байгаа тэтгэвэр авагч иргэнд 12 сар хүртлэх тэтгэврийн 70 хувьтай  тэнцэх хэмжээний зээлийн хүүг сарын 1 хувь, жилийн 12 хувиар олгох шийдвэр хэрэгжиж байгаа юм. Тэгэхээр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэний хувьд 12 сарын хугацаанд авах нийт тэтгэврийнхээ 70 хувьтай тэнцэх мөнгө болох 2 сая 520 мянган төгрөгийг зээлж авах боломжтой гэсэн үг.

Хэрэв 12 сард авах хэмжээний тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээл хүсч буй бол тухай арилжааны банкны эх үүсвэрээр олгогдож байгаа 18 хувийн хүүтэй зээл авах боломжтой аж.

Тодотгоход, тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд нь төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сараас эхлэн 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь олгохоор зохицуулалт хийгдээд байгаа юм. Ингэснээр тэтгэвэр авагч ахмад настай иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан ч, сар бүр тодорхой хэмжээний тогтмол орлоготой үлдэх нөхцөл бүрджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна