76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам өнөө өглөө Калифорни мужийн Лос-Анжелес хотын Беверли Хиллзд боллоо. Британий домогт Queen хамтлаг болон дуучин Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн Bohemian Rhapsody уран сайхны кино энэ үдэш төгс амжилт үзүүлэв. Ердөө 2 төрөлд нэр дэвшсэн ч, хоёуланд нь ялснаар 100 хувийн амжилт гаргалаа. АНУ-ын жүжигчин Рами Малик нь Фредди Меркуригийн дүрээрээ шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчинд ялалт байгуулж, кино өөрөө оны шилдэг дэлгэцийн бүтээлээр шалгарлаа.
55 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино дэлхийн хэмжээнд 750 орчим сая ам.долларын орлогыг цуглуулсан бөгөөд найруулагчаар нь алдарт X-Men цувралын ихэнх ангийг найруулсан Брайн Сингер ажиллажээ. Кино академийн дээд шагнал гардуулах Оскарын наадмын барометр буюу урьдчилсан төлөв байдлын хэмжигдэхүүн болж өгдөг Алтан бөмбөрцөгт ийнхүү амжилттай оролцсоноор Bohemian Rhapsody өөрийн чанар чансааг бэлхнээ харууллаа гэж болох юм.
Тэгвэл энэ жилийн Алтан бөмбөрцөгт хамгийн олон номинаци буюу 6 төрөлд "Vice" (АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Ченигийн тухай кино) кино нэр дэвшиж, хамгийн олон шагналыг "Green Book" (3) авлаа. Тухайлбал шилдэг туслах эрэгтэй дүр, шилдэг кино зохиол, шилдэг инээдмийн/мюзикл кино номинациудад Green Book ялагчаар тодорчээ.
2016 онд "Moonlight" кинонд бүтээсэн дүрээрээ Оскар хүртэж байсан Махершала Али энэ жил дахин шилдэг туслах эрэгтэй дүрийн Оскар авч мэдэхээр байна. Тэрээр эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон юм.
Кино сонирхогчдын зүгээс ихээхэн хүлээлттэй байсан "A Star Is Born" кино нийт 5 шагналд нэр дэвшсэн ч, зөвхөн 1 төрөл буюу Шилдэг оригиналь киноны дуу төрөлд ялалт байгуулжээ. Дуу нь мэдээж та бидний сайн мэдэх “Shallow”.
Мексик найруулагч Альфансо Куароны “Roma” кино гайхалтай байж, шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг авч, Альфансо Куаронд шилдэг найруулагч шагнал авчирлаа. Магадгүй Оскарын наадамд ч ийм амжилтыг үзүүлэхийг үгүйсгэхгүй юм. Мексик найруулагчийг манай үзэгчид Харри Поттерийн 3-р анги болох Азкабаны хоригдол, 86 дахь удаагийн Оскарын наадмын хамгийн олон шагналын эзэн болсон “Gravitу” киногоор нь сайн мэднэ. Сандра Буллок гол дүрийг нь бүтээсэн “Gravitу” тухайн жил 10 төрөлд нэр дэвшиж, 7-г нь авч байсан билээ.
Телевизийн шилдэг цувралаар “Америкчууд” тодорсон байна. 2013 оны 1-р сарын 30-нд эхний ангиа цацаж байсан энэхүү цуврал өнгөрсөн жил 6-р бүлгээрээ үзэгчидтэйгээ уулзсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна