"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгалаа. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүллээ.
2016 оны 1-р улиралд Чалко компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн 2018 оны 8-р сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөрбаталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жоркстандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн 1-р шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн болсон.
Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны 5-р сард байгуулагдсан "1072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.
2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар, ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгодог болголоо.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Таван толгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгсөн. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах "Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна