Цэргийн ангид зодуур дарамт байгааг талийгаач ар гэрийнхэндээ хэлж байжээ

2019/01/25
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А энэ сарын 22-нд барсан хэрэг гарсан. Хохирогчдын өмгөөлөгч хэргийн талаар мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчид хэргийн үнэн бодит байдлын талаар мэдээлэхээс аргагүй байдалд хүрлээ гэсэн юм. Учир нь Цагдаагийн ерөнхий газраас урьдчилсан дүгнэлт гаргаж, буруу ташаа мэдээлэл цацсан.

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах байтал золгүй явдал байсан мэтээр мэдээлэл түгээсэн. Тухайлбал, талийгаачийг өөрөө гүйж байгаад бахардаж унаад нас барсан гэх асуудал ярьж байна. Гэтэл бахардаад унахад нь дээрээс нь дэвсэж, харгисаар зодсон гэдгийг хамт гүйж байсан алба хаагчид хэлсэн. Тэнхээгүй болтол гүйлгээд хувцсаа өглөж чадахгүй унахад нь орон дээр хэвтүүлсэн. Нэг цагийн дараа эмч ирж үзээд нас барсан гэсэн дүгнэлт гаргасан.

Талийгаач золгүй байдлаар амь насаа алдах үндэслэл байхгүй. Ямар нэг суурь өвчингүй тул эрүүл мэндийн үзлэгээр тэнцэж цэргийн албанд татагдаж ирээд дөрвөн сар болж байсан” –ыг өмгөөлөгч Э.Билгүүн хэлсэн юм. Мөн тэрээр  талийгаачийн нуруу хэсэгт үүссэн улайлт хүүрийн толбо биш, гадны нөлөөтэй гэж үзэж байна. Түүнчлэн хөлийн шилбэ хөх няц болсон, баруун гар шалбарсан байсан. Гэтэл цагдаагийн ажилтан талийгаач нас бараад нэг хонож байхад гадны нөлөөгүй нас барсан гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь харамсалтай. Үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Талийгаач хөнжил пүүгээ үүрч гүйсээр бахардаж унахад нь баашилж байна гэж нэмж зодож, тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан байсан. Энэ нь хүнийг санаатай алах гэмт хэрэг юм. Иймд талийгаачийг зодсон цэргийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хуулийн байгууллагад гомдол гаргасан. Талийгаачид яаралтай тусламж үзүүлээгүй цэргийн ангийн эмч нар, зодуур харгислалыг таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар ЦЕГ-ын дарга болон Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан” гэлээ. 

Талийгаач А гурван хүүтэй айлын отгон нь байсан бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд татагдаж очоод дарамт, шахалтад орж зодуулж байсна талаараа Тангарагийн баярын үеэр ээжийгээ эргэж очиход хэлж “Хурдан аваарай” хэмээж байсан бол том ахыгаа утсаар ярихад ч бас хэлж байсан ажээ.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна