Авлигын индексээр манай улс ахин муу дүн авлаа

2019/01/29
Манай улс Авлигын индексээр 100 онооноос 37 оноо авч, 180 орноос 93 дугаарт орлоо. Өнгөрсөн жил манай улс 36 оноо авч 103 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. ЕБС-ийн сурагч тухайн нэг хичээлийн шалгалтад 100 оноо авах ёстойгоос 37 оноо авбал “F” буюу муу дүн авдагтай энэ үйл явдлыг адилтган тайлбарлаж болох юм. Ингэснээр манай улсад ардчиллын тогтолцоо хөгжөөгүй, авлигыг  хянаж чадахгүй байгаа гэсэн үг юм.

Авлигагүй улсаар Дани тодров

Дэлхийн улс орнуудын Авлигын индексийг “Transparense international” байгууллагаас жил бүр гаргадаг. Ингэхдээ 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлдог юм. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига үгүй. Хамгийн өндөр оноотой орнуудад Дани улс 88  авч нэгдүгээрт орсон  бол Шинэ Зеланд улс 87 оноогоор  хоёрдугаарт оржээ. 10-13 оноогоор  Сомали, Сири, Өмнөд Судан  баян ходоод болсон байна.Оноог бүсчилвэл  Баруун Европ 66, Төв Европ  ба Төв Ази 35  ба хамгийг бага оноо авсан бүс нь Сахар орчмын Африкийн орнууд  32 оноо авчээ.

Судалгаанд оролцсон орнуудын гуравны дунджаар 43 оноо авсан байна. Энэ дүн нь дийлэнх орнууд авлигын эсрэг дэвшил гаргаагүйг илтгэж байгаа юм. Тухайлбал  2012 оноос хойш зөвхөн 20 орон Авлигын индексээ сайжруулж чадсан бөгөөд тухайлбал Аргентин, Сенегал, Зааны Ясан Эрэг зэрэг улс  байна. Оноогоо багасгасан 16 оронд  Австрали, Чили, Мальта, Чили, Унгар  багтжээ. Ардчилал нь суларч  улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк, Унгар тэргүүлж байна. Турк улс 41 оноо авч 13 оноогоор доошилжээ. Туркийн  ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлсэнээр  хяналтын тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд сулран, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль, улс төрийн эрхийг хязгаарлаж, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна гэж судалгаагаар дүгнэжээ.

Авлига ба Монгол Улс

Манай улсын авилгын индексийг үнэлэхдээ есөн гол үзүүлэлтийг харсан байна. Үүнийг тодорхой хэдэн байгууллагын эх сурвалжид үндэслэн гаргадаг юм. Манай улсын авилгын индексийг гаргахад ихээхэн түлхэц болсон эх сурвалжуудын мэдээлийг хүргэе.

1.Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ

Энэ үнэлгээгээр манай улс 100 онооноос  2018 онд  43 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна.  Тухайлбал, 2017 онд 43 , 2016 онд 47, 2015 онд 47  авсан юм.

2.Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа

Авбал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд

31 оноо авч 1 оноогоор нэмэгдсэн байна. 2017 онд 30, 2016 онд 38, 2015 онд 42  оноо авсан байдаг.

3.Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ

Авбал зохих 100 онооноос  Монгол улс 2018 онд 47 оноо авч 12 оноогоор нэмэгдсэн байна. 2017 онд 35 ,2016 онд 47, 2015 онд 42 оноо авав.

Тус байгууллага нь макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. Тухайлбал улсуудын

- улс төр,

- эдийн засаг,

- хууль,

- татвар

- аюулгүй байдал

- тухайн орны авлигын индексийг үнэлдэг юм.

4.Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс

100 онооноос  2018 онд 41 оноо авч өнгөрсөн жилтэй адил байна. 2017 онд 41 , 2016 онд 36, 2015 онд 36 авав.

5.Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа

2018 онд 30 оноо авч 3 оноогоор буурсан байна. 2017 онд 33 ,2016 онд 35, 2015 онд 37 оноо авсан байна.

6.Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс

36 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. 2017 онд 36,2016 онд 38, 2015 онд 35 авчээ.

Энэ нь хуулийн засаглалын үзүүлэлтийг чухалчилдаг. Тухайлбал,  төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх, цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх, хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх, мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг байна.

7.Улс орнуудын эрсдлийн гарын авлага

32 оноо авч  өнгөрсөн жилээс буураагүй байна. 2017 онд 32, 2016 онд 32, 2015 онд 31 авсан юм.

Энэ нь тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализийг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг. Мөн улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг аж.

8.Улс орнуудын ардчиллын хэмжүүр

33 оноо авч 2 оноогоор буурсан байна. 2017 онд 35, 2016 онд 34, 2015 онд үнэлж байгаагүй.

Үүнд ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг.  Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг юм.

9.Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа

37 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. 2017 онд 37 , 2016 онд 37, 2015 онд 38 оноо авчээ.

Энэ нь төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо  байгаа эсэхээр үнэлдэг байна.

Авлигаас хэрхэн ангижрах вэ

Манай улсын авлигийн индекс ийнхүү сөрөг гарч байгаа нь “Монгол Улсын хувьд  хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль  хэрэгжүүлэх байгууллагууд нь  хараат байдалд орсоноос хээл хахууль газар авч  байгаа нь авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагийн нэг шалтгаан болно” гэдгийг “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын зүгээс тайлбарлав. Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн  хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд  иргэдийн итгэлийг алдахад хүргэж байгаа гэнэ.  Тухайлбал, Үндсэн хуулийн 29 дүгээр заалтад  заасан УИХ гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугатах хэрэгсэл болж хувирсныг залруулах ёстой. Улс төрийн өндөр тушаалын албан хаагчид бүлэглэн авлигын хэрэг үйлдэх болж авлига нь  гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад системийн шинж чанартай болж байгааг тодотгов. Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурахад нөлөөлдөг.  Иймд бизнесийн салбарт  чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох шаардлагатай юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна