Арилжааны банкууд 2018 онд 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв

2019/02/12

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаарх арилжааны банкуудын нэгдсэн тайланг Монголбанк танилцуулаад байна.

 

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай дотоодын арилжааны банкуудад хийгдэж буй Активын чанарын үнэлгээ үргэлжлэх болсон талаар Монголбанкнаас мэдээлсэн.

Уг нь оны өмнө буюу арваннэгдүгээр сард ОУВС-гаас гаргасан мэдэгдэлд "Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын чанарын үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны арванхоёрдугаар сарын эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон.

Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно" гэж заагаад байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар авсан нэр бүхий банкууд шаардлага хангахгүй бол Банкны тухай хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авахаар болоод байсан билээ.

Тэгвэл нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсад ажилласан хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийхдээ банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Гэхдээ 2018 оны төгсгөлд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар авсан банкуудын үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах боломжгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн.

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар арилжааны банкууд 96 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байгааг тайлангаас харж болно.

Хэдийгээр банкуудын нийт актив 2017 оны арванхоёрдугаар сарын эцсээс дөрөв гаруй их наяд төгрөгөөр нэмэгдэж 33 их наяд төгрөгт хүрээд буй ч ийн алдагдалтай ажилласан шалтгааныг судлаачид активын чанарын үнэлгээний дагуу хийгдсэн ажлуудтай холбон тайлбарлаж байна. Тайлангаас үзвэл банкууд алдагдалтай ажилласан ч салбарын хэмжээнд өөрийн хөрөнгийн хэмжээгээ жилийн өмнөхөөс 110 орчим тэрбум төгрөгөөр нэмсэн байна. 

Эх сурвалж: Монголбанк

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна