Ч.Хүрэлбаатар: Шалгалтаар хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байгааг тогтоосон

2019/02/20
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхэлсэн бөгөөд хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Шалгалтаар нэг аж ахуйн нэгж Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас нэгэн зэрэг зээл авсан, хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байгаа талаар тэрбээр мэдээлсэн юм.

Мөн нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлөх зэрэг үйлдэл гарсан байна. Тиймээс гарсан зөрчлүүд дээр авах арга хэмжээний төслийг Засгийн газрын тогтоолыг дараагийн долоо хоногийн хуралдаанаар гаргахаар болжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Авто замын сан, Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэх мэт нэлээд олон сан дээр хийгдсэн шалгалтын дүнг танилцууллаа. Ингээд Засгийн газрын гишүүд бүх мэдээлэлтэй танилцсаны дараа дараагийн хуралдаанаас тогтоол гаргахаар болсон.

Төрийн сангуудад төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсныг сүүлийн нэг сард 100 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан

Төрийн сангуудад төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсныг сүүлийн нэг сард 100 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд 16 мянган гаруй ААН хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан байна. Ил тод биш, шилэн дансанд ордоггүй нь зөрчил гарах, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй ашиглах зөрчлийн суурь болж байж хэмээн үзэж бусад бүх санг ил тод болгох олон нийтийн оролцоог хангах чиглэлээр арга хэмжээ авахаар боллоо” гэв.

Сангийн сайд зээл олгодог зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэсэн юм. Мөн сангуудад илэрсэн зөрчлийн талаар мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна