Улаанбаатар-Нур-Султан чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

2019/06/03
Казахстаны агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан (хуучнаар Астана)-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр үйлдэв.


Тус компани долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт Улаанбаатар-Нур-Султан чиглэлээр нислэг үйлдэх бөгөөд 3 цаг үргэлжлэх нислэгийн тасалбарын үнэ нэг талдаа 240, хоёр талдаа 440 ам.доллар байх юм. Нислэгийн энэхүү чиглэлд 144 хүний суудалтай “Боинг 737-700” агаарын хөлгийг, шаардлагатай тохиолдолд буюу сэлгээнд “Боинг 737-300” хөлөг ашиглахаар төлөвлөжээ.


Монгол, Казахстан улсын бараа эргэлт 2018 онд 74.4 сая ам.доллар байсан бөгөөд Улаанбаатар-Нур-Султан чиглэлд шууд нислэгтэй болсноор хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэх юм. Үүнээс гадна аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад салбарын хамтын ажиллагаа ч хөгжих боломжтой хэмээн БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Кобландин дурдлаа.


1997 онд байгуулсан “СКАТ” компани 1355 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй бөгөөд дотоодын 16 хот, дэлхийн  20 орчим орон руу нислэг үйлддэг байна. Тус компани өнгөрсөн онд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн бол энэ жил 2.5 сая болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна